УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн, танхим дахь өнгө солонгорсон жилүүд айсуй. "Шинэ Монгол" сургуулийн захирал, боловсролтой "дүр"-ээр олонд танигдсан П.Наранбаяр 2020 онд улс төрийн босго алхаж, ХҮН намын нарийн бичгийн даргаар томилогдсон түүхтэй. Улмаар тухайн оны сонгуульд Баянзүрх дүүрэгт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшсэн ч хамар таслуулсан билээ. Харин энэ удаа өвдөг шороодох нь битгий хэл, Боловсролын сайдын суудалд очсон. Учир нь "хамтарсан Засгийн газар" байгуулж, хүчээр нь хөгжилд дөтлөх гэж олон суудалтай МАН-ынхан үзсэн байгаа юм.
Манай улсад боловсролын асуудал бусад асуудлынхаа тоосонд хаягдаж үлддэг болоод он удсан. 2023 онд PISA үнэлгээний үр дүнд цочирдмоор хариу гарсан ч харамсалтай нь, төдий л бүхний хараанд өртөөгүй. Унших чадвараар 81 орноос 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой гарчихаад байхад шүү дээ.
Ийнхүү боловсролын салбарт ажилласан туршлагатай П.Наранбаяр өөрийн байх ёстой газраа очсон гэгдээд буй. Түүнийг хэрхэн ажиллаж, боловсролын гацаанаас гаргахыг түмэн харж байна. Тэгвэл "шинэхэн" Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаараа ямар үүрэг, чиглэл өгснийг танилцуулъя. Даваа гарагт хийсэн хурлаар боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгосон байгаа юм. Ингэхдээ,
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр их, дээд сургуульд элсэх “босго оноо”-г үе шаттай нэмэгдүүлэх
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих
- Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх
- Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх
- Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх
- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
- Багш, сургалтын ажилтнуудыг хамран сургах тойрогт сэлгэн ажиллуулах
- Багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог системийг нэвтрүүлэх
Боловсролын яаманд ирсэн болон сайдын цохсон бичгүүдийн хариуг маш богино хугацаанд өгч байх, ер нь ажлын хурдаа эрс нэмэгдүүлж, хамтын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллах зэргийг онцложээ.
Шинэ сайд "Боловсролын хоцрогдол"-ыг шуурхай арилгахаар шулуудах нь аргагүй. Асуудал дагуулаад байгаа Боловсролын зээлийн санг хүнээс хараат бус болгох нь дарга цэрэг, авилга хахуулиас ангижруулах арга зам гэж харж буй бололтой. Нэмээд сурах бичгийн агуулгад анхаарах нь нэн тэргүүн шаардлагатай зүйл гээд, нийгэмд шүүмжлэл дагуулсан асуудалд хамгийн эхлээд анхаарах нь ээ.
Сэтгэгдэл (22)