Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, шигшээ багийн дасгалжуулагчдын багийг шинэчилжээ. 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хурлаар Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон байна.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очирыг томилов. Харин туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар болжээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарыг томилсон байна. Үүнээс гадна гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон С.Мөнхдуулдах нар эмэгтэй багийн дасгалжуулагчийн багт багтжээ.
Шинэ дасгалжуулагч нарын тамирчдаа удирдан оролцох эхний тэмцээн нь гуравдугаар сард болох Ясир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн байх юм. Улмаар дөрөв болон тавдугаар сард олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөнө.
Сэтгэгдэл (1)