Одоогоос жилийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 28-нд Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10-хан настай М.Цэнгүүн охин дэлхийн аварга болчхоод ирж байсан нь Монгол улсын түүхэнд анх удаа "усанд сэлэлтийн дэлхийн аварга"-тай болсон бахархам үйл явдал байв. Тэгэхдээ, Мөнхтөрийн Цэнгүүн нь +5 хэмийн нууранд 50 метрт мэлхий сэлэтийн төрлөөр оролцож аваргалж, нийтдээ хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байв.
Тэгвэл яг жилийн дараа амжилтаа бататгаж, АНУ-ын Вашингтон хотод болсон өвлийн усан сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11-15 насны ангилалд алтан медаль хүртэн дэлхийн ХОШОЙ аварга болж, түүх бүтээв. Бид та бүхэнд М.Цэнгүүн гэх бахархам охины тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
БАРИМТ 1
Түүний аав, ээж хоёр нь “Миний охин хүссэн зүйлээ хий” гэж үргэлж дэмждэг. Харин тэр эмч болохыг мөрөөддөг. Мөн спортоороо ямар амжилтад хүрч чадахаар байна тэр хүртлээ явна гэж боддог аж.
БАРИМТ 2
Тэр долоо хоногийн зургаан өдөр усан сэлэлтийн бэлтгэл хийдэг.
БАРИМТ 3
Тэр дөрвөн жилийн турш мэлхий сэлэлтээр хичээллэж буй. Өөр сэлэлтийн техник байдаг ч мэлхий сэлэлтийн техникийг илүү сайн сурахаар хичээж байгаа аж.
Баримт 4
Усанд сэлэлтийн спорт өөрийг нь эрүүл, чийрэг болгосон гэж тэр боддог. Тийм ч учраас өнгөрсөн хэдэн жилд хоёр, гуравхан удаа л ханиад хүрчээ.
БАРИМТ 5
Тэр айлын том, нэг дүүтэй. Дүү одоо гуравдугаар анги бол тэр өөрөө зургадугаар ангид сурдаг.
БАРИМТ 6
М.Цэнгүүний өвөө, багш дасгалжуулагч Ш.Даваадорж мөн өмнөх ДАШТ-ээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Мөн тэрбээр өмнө жилүүдэд ч өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнүүдээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм. Түүний нийт медөлийн тоо 200 гаран ажээ.
БАРИМТ 7
Түүнийг энэ спортод оруулсан хүн нь түүний өвөө. Тэр өвөөгөө дагаж бэлтгэлд нь явсаар байгаад хичээллэж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 8
Тэр дүүгээ усанд сэлэлтийн тамирчин болоосой гэж хүсдэг. Тэгээд өвөө дүү хоёртойгоо тэмцээнд оролцоно гэж мөрөөддөг.
БАРИМТ 9
Түүний бэлтгэлийг өвөө нь Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд хангадаг ажээ.
БАРИМТ 10
Тэр хамгийн анхны медалиа таван настай хүртэж байв. М.Цэнгүүн яг л өвөө шиг ээ 200 гаруй медальтай болохыг хүсдэг гэжээ.
Л.Сайнаа