Нэгдүгээр сарын 27-ны өдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо “Цагаан сар-2024” үндэсний бөхийн барилдаан өргөн дэлгэр боллоо.
Монголын Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоо хамтран зохион байгуулсан тус барилдаанд Швейцар, Франц, Герман, Чех, Итали, Бельги, Нидерланд, Польш, Унгар, Австри зэрэг Европын 10 улсын иргэд, Монголчууд хүрэлцэн ирсэн бөгөөд хүчит 32 бөх эр бяр, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Нидерланд улсаас оролцогч, залуу бөх Эрдэнэбатын Батбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Чех улсаас оролцогч, залуу бөх Эрдэнэбатын Хосбаяр үзүүрлэн, Ховд аймгийн Мөст сумын уугуул, Польш улсаас оролцогч, аймгийн начин Отгонбаярын Пүрэвбаяр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Швейцар улсаас оролцогч, сумын заан Цэндбатын Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Итали улсаас оролцогч Михаил Грегорий, Уран барилдаантай бөхийн шагналыг Швейцар улсаас оролцогч Н.Батбаатар нар хүртэв. Мөн багийн барилдааныг зохион байгуулахад Нидерланд улсын баг тэргүүн байр, Чех улсын баг дэд байр, Франц улсын баг гутгаар байрт тус тус шалгарсан юм.
Түүнчлэн өсвөрийн бөхийн барилдааныг 2 насны ангиллаар зохион байгуулж, тус бүр Өргөмжлөл, мөнгөн шагнал, ЭСЯ-ны гарын бэлэг, ивээн тэтгэгчдийн шагналыг хүртлээ.
Монгол Улсаас ШХУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал арга хэмжээг Монгол түмний соёлын дархлаа болсон Үндэсний бөхийн барилдаанаар эхлүүлж буйг онцлон тэмдэглэж, барилдааныг санаачлан зохион байгуулагч Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь Салбар холбоо, ерөнхий зохион байгуулагч “Да Са” групп, оролцогч бөхчүүд, өсвөрийн бөхчүүд, ивээн тэтгэгч нарт баяр хүргэн талархал илэрхийллээ.
Европ дахь монголчууд, хүүхэд залуусын дунд үндэсний бөхийн спорт, бөх цоллох ёс, хөлийн цэц, гарын даа, барилдааны мэх зэрэг үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, өвлүүлэн түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус барилдааныг санаачлагч, зохион байгуулагч, нийт оролцогч, үзэгчдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ ирүүлснийг Элчин сайд Д.Гэрэлмаа уншиж танилцуулав.
Бөхийн барилдаанд МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны тэргүүлэгч, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, Улсын бөх цоллогч, улсын засуул Б.Цэрэндагва, МҮОНТВ-ийн зураглаач Д.Энхтөр нар урилгаар хүрэлцэн ирж, хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын мэндчилгээг үзэгч олонд уламжлав.
МҮБХ-ны Европ дахь Салбар холбооноос уламжлалт Сар шинийн баярт зориулсан барилдааныг Женев хотноо жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
МҮБХ