Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай баг тамирчид Инсбрукийн цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын Төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй. “Инсбрук 1964” Өвлийн IX Олимпын наадам 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд болж, 36 улсын 1,091 тамирчин спортын 10 төрлөөр ур чадвараа сорьсон билээ. Монгол Улс тус наадамд биатлон, тэшүүр, гүйлтийн цанын төрөлд 13 тамирчнаа оролцуулсан нь түүхэн хуудаснаа анхны хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Өнөөдөр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар өдгөө энх тунх буй “Инсбрук 1964” Олимпын наадамд оролцогч, ахмад тамирчид, зүтгэлтнүүд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, Д.Пүрэвлоов, Л.Боль нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонг гардууллаа.
Ёслолын үеэр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпын хөдөлгөөн дэх ахмад тамирчид, зүтгэлтнүүдийн хувь нэмэр чухал үнэтэйг онцолж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)