ОХУ-ын уран гулгагч Камила Валиева удаан үргэлжилсэн допингийн маргааны буруутан болж, дөрвөн жилээр эрхээ хасуулсан тухай бид мэдээлсэн. Ингэхдээ түүний эрхийг маргаан эхэлсэн 2021 оны 12 дугаар сараас эхлэн тоолно. Мөн энэ хугацаанд түүний хүртсэн бүх шагналыг хурааж, удаах байруудыг нэхэн шагнахаар болсон.
Тодруулбал, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмаас ОХУ-ын хүртсэн алтан медалийг АНУ-ын багт шилжүүлж, Японы шигшээ багийг мөнгөн медалийн тавцанд аваачив. Камила Валиева эрхийг хассантай холбогдуулан багийн төрөлд медалийн байрыг дахин эрэмбэлэхэд ОХУ-ын баг гуравдугаар байр руу буув. Харин Канад дөрөвдүгээр байртаа хэвээр үлдэж, дахин тооцоолсон үр дүнгээр ОХУ-ын багийн ард нэг онооны зөрүүтэй удаалав.
Гэвч Канадчууд уг үр дүнтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдээд амжлаа. Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Бид багаа дөрөвдүгээр байрт үлдээх шийдвэртэй эрс санал нийлэхгүй байна. Энэ шийдвэрийн эсрэг давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна" гэж мэдэгдэв. Мэдэгдэлд ОУСБ-аас гаргасан хамгийн сүүлийн шийдвэрт "Эрхээ хасуулсан тамирчнаас доогуур байр эзэлсэн өрсөлдөгчид зохих ёсоор байр сууриа ахиулна" гэж заасан 353 дугаар дүрмийг хэрэгжүүлээгүй гэж нэмж хэлэв.
Сонирхуулахад, уран гулгалтын багийн оноогоор ОХУ 75, АНУ 65, Япон 63 оноотой эхний гуравт бичигдсэн. Үүний араас Канадын баг 53 оноотойгоор дөрөвдүгээр байрт орсон юм. Улмаар Камила Валиевагийн асуудлаас үүдэн багаас 21 оноо хассан тул ОХУ-ын баг 54 оноотойгоор гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн хэрэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)