ОХУ-ын уран гулгагч Камила Валиева удаан үргэлжилсэн допингийн маргааны буруутан болж, дөрвөн жилээр эрхээ хасуулсан тухай бид мэдээлсэн. Ингэхдээ түүний эрхийг маргаан эхэлсэн 2021 оны 12 дугаар сараас эхлэн тоолно. Мөн энэ хугацаанд түүний хүртсэн бүх шагналыг хурааж, удаах байруудыг нэхэн шагнахаар болсон.
Тэгвэл түүний багтайгаа хүртсэн медалийг хурааж, АНУ-ын уран гулгалтын багт 2022 оны Бээжингийн өвлийн олимпын алтан медалийг хүртээхээр болжээ. Гуравдугаар байрт орсон Японы шигшээ баг мөнгөн медаль зүүнэ. Харин ОХУ-ын баг байр ухарч, хүрлийн тавцанд буув.
Өдгөө 17 настай Валиева багтайгаа ОХУ-ын Олимпын хорооны далбаан дор гулгаж, багийн дүнгээр АНУ, Японыг хол илүүрхсэн.
Гэвч түүний допингийн шинжилгээнээс триметазидин бодис илэрсэн нь өнгөрсөн хугацаанд уран гулгалтын ертөнцийн маргааны гол сэдэв байв.
Хоригийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу дээж цуглуулсан үеээс эхлэн тоолох тул 2025 оны 12 дугаар сарын 25-нд түүний эрх сэргэх юм. Тэр үед Валиева дөнгөж 15 настай байсан.
Л.Сайнаа