NBA-ийн талбайд нэг гартай тоглогч харж байсан удаа та бидний хэнд нь ч үгүй байх. Гэсэн хэдий ч 20 настай од хамгаалагч Хансель Эммануэлийн хувьд боломжтой гэж хүмүүс маргацгааж буй. Тэр бол АНУ-ын үндэсний коллежийн лиг буюу NCAA-д дуулиан тарьж яваа тоглогч юм. Хансель Эммануэл Донато Домингаз бол "Austin Peay Governors" багийн хамгаалагч юм.
Нэг гартай тэрбээр Доминикан гаралтай. Цагариган дээрээс довтлох болон холын зайн шидэлтээрээ алдартай.
Хансель нь 2004 онд Сальвадор Донато, Катиа Домингес Перез нарын гэр бүлд төрсөн. Сагсанбөмбөгийн спортод хөл тавих гэж олон ч бэрхшээлийг даван туулж чадсан гайхалтай залуу билээ. Тэрбээр коллежийн оюутан.
Түүний алдар нэрийг нэмсэн зүйл бол саяхан X дээр явж байсан жиргээ юм. Адриан Розноравскы гэх хүн түүнийг NBA-ийн драфтад нэрээ өгч байгаа гэх мэдээллийг түгээснээр илүү олон хүн таних болсон.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн жиргээнд "Ахлах сургуулийн феном Хансель Эммануэль 2024 оны NBA-ийн драфтад оролцохоор зарласан" гэж бичжээ. Лигт ийм шинэчлэл гараагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн NBA-д нэг гартай тоглогчдын дүрэм байдаггүй ажээ.
Хансель Эммануэл яаж зүүн гараа алдсан бэ?
Тэр олон ч хүнд урам зориг өгсөн нэгэн. Түүний зүүн гар бугалгаараа байхгүй ч энгийн хүнээс хол илүү тоглолт үзүүлдэг. Доминиканы Бүгд Найрамдах Улсын уугуул иргэн тэр дөнгөж 6 настай байхдаа зүүн гараа алджээ. Тэр өдөр Хансель бусдын л адил найзуудтайгаа тоглож, хананд авирч байв. Гэнэт хана түүн дээр нуран унажээ.
Зүүн гар нь хэдэн цагийн турш хүнд чулуун хананы дор дараастай байсны улмаас мэдээ алджээ. Хэдийгээр түүний амийг аварсан ч эмч нар гарыг нь тайрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тиймээс түүний зүүн гарыг бугалгаар нь тайрчээ.
Баруун хойд мужийн их сургуулийн сагсанбөмбөгийн шигшээд анхлан багтсан нь түүний амьдралыг өөрчилсөн. Коллежийн лигээс хойш түүний карьер хаана хүрэхийг мэдэхгүй ч NBA лав түүнийг хүлээж авахгүй бололтой. Гэвч амьдрал гэдэг хачирхалтай хойно бид түүнийг талбайд харж ч мэднэ.
Л.Сайнаа