Цахим спортын CS2 төрлийн eXTREMESLAND тэмцээн гурван өдөр Хятадын Шанхай хотноо үргэлжилж, өчигдөр аваргаа тодрууллаа.
Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн The MongolZ болон монгол тамирчдаар цөмөө бүрдүүлсэн Тайландын NKT тэргүүтэй Азийн шилдгүүд өрсөлдсөн. Ийнхүү найман багаас The MongolZ баг түрүүлж, 2016 оноос хойш болж буй eXTREMESLAND-д аваргалсан анхны монгол баг боллоо.
Тэд финалд Хятадын Lynn Vision-ийг 2:0-ээр буулган авсан юм. Харин хагас шигшээд Team NKT-ийг, хэсэгтээ ACME, Tyloo зэрэг багийг хожжээ. Ингэснээр тэд 25 мянган ам.долларын эзэн болж байна. Тайландын Team NKT багийн хоёр Узбекистан тамирчин визний асуудлаар Шанхайг зорьж чадаагүй бөгөөд тэднийг орлон ATOX багийн dobu болон MiQ гэсэн монгол тамирчид тоглож, хагас шигшээд шалгарав.