Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA-гаас оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулдаг “Best FIFA Football Awards” шагнал гардуулах ёслол Лондон хотноо даваа гарагт болж өндөрлөв. Уг ёслолын оны шилдэг эрэгтэй тоглогчоор өнгөрсөн оны "Ballan D'or" шагналын эзэн “Интер Майами” клубийн тоглогч, 2022 оны ДАШТ-ий түрүүг эх орондоо авчирсан Лионел Месси шалгарлаа.
Харин Испанийн алдарт “Барселона” клубийн Айтана Бонмати ФИФА-гийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр шалгарчээ.
Шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нараас гадна дэлхийн өнцөг булан бүрээс мэргэшсэн сэтгүүлчид, дэмжигчдийн санал хураалтад Месси тэргүүлжээ. Харин Манчестер Ситигийн од Хааланд 48 оноо авч хоёрдугаар байрт, Францын шигшээ багийн довтлогч Мбаппе 35 оноотойгоор гуравдугаар байрт орсон байна.
Л.Сайнаа