Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “Бүх оддын тоглолт” өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тоглолтын онцлох оролцогч нь уяач Э.Улаанхүү юм. Тэрбээр өнөөдөр болох холимог оддын тоглолтод оролцож, “Хурд”-ын Д.Отгонбаярын дасгалжуулсан багт багтжээ.
Түүнтэй гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Н.Ариунболд, жүжигчин Э.Ууганбаяр, холимог тулаанч Х.Амартүвшин, мисс Б.Намуунзул, волейболын мастер Б.Батсуурь нарын тэргүүтэй урлаг, спортын салбарыхан нэг багт хүчин зүтгэнэ. Холимог оддын багийг Д.Отгонбаяр болон Д.Өлзий-орших нар дасгалжуулна.
“Бүх оддын тоглолт”-ын санал асуулгад эрэгтэй тамирчдаас “IHC Apes”-ийн М.Өлзий-Орших, “Бишрэлт Металл”-ын Д.Дэлгэрням нар хамгийн өндөр саналыг авч, хоёр багийн ахлагчаар сонгогдсон бол эмэгтэй багуудыг “Хасын Хүлэгүүд”-ийн Ө.Индра, “Улаанбаатар Амазонс”-ын Б.Ариунцэцэг нар ахална. “Member of the Class of All Star”-ийн дурсгалын медаль гардуулна.
Өнөөдөр буюу эхний өдөр лигийн музейн нээлт, холимог оддын тоглолт, залуу тоглогчдын тоглолт, гурван оноо болон ур чадварын тэмцээн болно. Музей нь Монголын сагсан бөмбөгийн 30 жилийн түүхэнд болж өнгөрсөн бүх цаг үеийн түүх дурсамжийг агуулсан гэдгээрээ онцлог ажээ.
Харин маргааш эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолт, ур чадвар болон цагираган дээрээс довтлох тэмцээн болно.
Сэтгэгдэл (1)