Өнөөдөр "Чөлөөт бөхийн УАШТ"-ий хоёр дахь өдөр эрэгтэй 6, эмэгтэй 7 жингийн барилдаан өрнөх болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 53, 59, 68, эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг-ын медальтнууд тодрох бол эмэгтэй 50, 55, 65, 76 кг, эрэгтэй 61, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм.
Хамгийн хүнд жин 125 кг-д хамгийн олон буюу 33 бөх зодоглож байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, олимпын шагналт байрын эзэн М.Лхагвагэрэл тэднийг ахалж буй.
Түүнчлэн Азийн аваргын 4 медальт О.Үйтүмэн, уран барилдаант улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий. Мөн олимпын жин болох 86 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, 23 хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн тэргүүтэй 18 бөх зодоглоно. Өнгөрсөн жил энэ жинд Б.Бат-Эрдэнэ түрүүлж байв.
Олимпын жин болох эмэгтэйчүүдийн 50 кг-д манлай бөх Д.Отгонжаргал зодоглоогүй ч өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэй.
Энэ жинд “Токио-2020” олимын V байрын шагналт, 23 хүртэлх насны Азийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Оюундарь, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга М.Мөнхгэрэл зэрэг сайчууд зодоглох болно.
Өнөөдөр болох финалын барилдаанууд:
Б.Болортуяа-Б.Хулан (эмэгтэй 53 кг)
Б.Анударь-Б.Болор-Эрдэнэ (эмэгтэй 59 кг)
П.Номин-Эрдэнэ-Э.Одзаяа (эмэгтэй 68 кг)
З.Занабазар-Б.Мөнх-Эрдэнэ (эрэгтэй 57 кг)
Э.Тэмүүлэн-Ц.Чинзориг (эрэгтэй 70 кг)
Г.Ганхуяг-Ө.Батзул (эрэгтэй 97 кг)
Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагаас, тэмцээний нээлт 16:30 цагаас, хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд 17:30 цагаас эхэлнэ.