ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгөв.
Тэрбээр "УИХ-аар хэлэлцэж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулахтай холбоотой хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах 120 хууль бол цаасан хүнд сурталаас цахим хөнгөн хэлбэрт шилжих, дүрэм журмын түгжээнээс гарах багц хууль юм.
2020 оны аравдугаар сард Е-Mongolia үйлчилгээг бид нэвтрүүлж байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 29 сая үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна. Ингэснээр төрийн байгууллага руу очих, бичиг хэргийн зардал болон цаг хугацааны зардал зэрэг нийт 260 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан гэх судалгаа бий.
Цахимд шилжсэн нь маш сайн хэмнэлт болж, бүтээмжийг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой.
Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээг цахимаар авч болох атлаа яагаад төр дээр ирэхээр цаасан бичиг баримтын бүрдүүлбэр нэхээд байгаа юм бэ? гэх асуултыг үргэлж тавьдаг.
-Салбарынх нь хуульд тус бичиг баримтыг заавал бичгээр авна гээд заачихсан байдаг учраас төрийн албан хаагч хуулийн дагуу ажлаа хийж байна гэсэн үг болно. Тиймд эл зохицуулалтыг "цахимаар байж болно" гэж хуульчлах шаардлага үүсэж байгаа тул 120 хуульд өөрчлөлт оруулж байна.
Өнөөдөр архив, албан хэрэг хөтлөлт буюу шуудангийн болон бичиг хэргийн зардалд төрийн байгууллагууд 25,3 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх санхүүгийн нэгдсэн тайлан бий. Энэ бол маш өндөр тоо.
Гэтэл цахимаар мэдээлэл солилцох, мэдээллээ хуваалцах бүхий л бололцоо төрийн байгуулагад үүссэн. Гэсэн хэдий ч салбарын хуулиараа зохицуулагдаж байна. Үүнийг өөрчилж өгсөнөөр тухайн төрийн албан хаагч ажлаа хийх боломжтой болно. Тиймээс архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд өөрчлөлт оруулснаар цахимжилт илүү хурдасна.
Бид 2020 оны архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд онцгой анхаарч өөрчлөлтийг оруулж байна. Тус хуульд цахим баримт бичиг, архивыг зөвшөөрөх ойлголт орсон боловч "цахим болон цаасан баримт зөрвөл цаасан баримт бичгийг эх хувь гэж үзнэ" гэсэн заалт байдаг. Тэгэхээр буцаад цаас руугаа шилжчихэж байгаа юм.
Одоо бол архив албан хэрэг, бичиг хэрэг хөтлөлт ч бай дараах хэд хэдэн агуулгаар боловсруулагдаж байна.
1.Цаас-цаас
2.Цаас-цахим-цаас гэсэн хоёр агуулга архив, албан хэрэг хөтлөлтийн хууль дор өрнөж байна.
Гэвч нотлох баримтын эх хувийг цаас гэж үзэж буй тул буцаад л "цаас архивлаж байна".
3. Цаасаар бичиг баримт үүсэхгүйгээр тоон гарын үсгийг хэрэглэн цахим бичиг баримтаа илгээж байна. Энэ нь заавал цаас болж архивлагдах шаардлагагүй.
4. Цахим-цаас-цахим болгож үргэлжлүүлэх бололцоотой.
Гэтэл энэхүү гурав, дөрөвдүгээр агуулгыг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бүрэн шийдвэрлэж чадаагүй учраас төрийн байгууллагад хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс иргэддээ хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд 120 хуулийн өөрчлөлтийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд өөрчлөлт оруулъя.
Цахимаар болоод байсан зүйлийг заавал цаасаар хэвлэж сейфэнд хадгалах нь илүү зардал үүсгэж, илүү цаг хугацаа шаардаж байна гэх агуулгаар тус хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь цахимд шилжих явцыг хурдасгана" гэлээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)