Агаарын бохирдолтой тэмцэх сан болоод үндэсний хороо татан буугдаж, агаарын бохирдол үлддэг нь жам ёс шиг зүйл болов. Манай улсын иргэд 2011-2015 он хүртэлх хугацаанд "Цэвэр агаар" гэх гоё нэр бүхий сантай байлаа. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан авч хангалттай үр дүнд хүрээгүй гэдэг.
Тэд нийслэлийн зарим өрхөд цахилгаан болон шалны халаагуур нийлүүлэх, аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулах, нам даралтын зуухыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбох зэрэг ардаа том тоотой, үл үзэгдэгч төлөвлөгөө гаргаж суусан нь тайлангаас харагдана.
2011-2012 онд хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж, түлшний хэмнэлттэй, утаа бага ялгаруулах зуухны эхлэлийг тавьж байжээ. Ингээд “Өлзий” “Хас” “Голомт”, “Дөл” гэх мэт зуухнуудын алдар түгсэн гэх.
Дараа нь, "Улаанбаатар хотын цэвэр агаар" төслийг НЗДТГ 2012 оноос Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байв. Нэмэлт санхүүжилтээр олгогдох 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн тодорхойлж байж.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гэр хороололд 175 мянган зуух тарааж, нийт гэр хорооллын өрхийн 97.6 хувьд нь утаагүй зуух ашиглаж эхэлсэн гэх өөдрөг үзүүлэлтийг тэр цагт дурдаж байжээ. Дээвэр туурга хүртэл айлуудад тараасан түүхтэй. Энэ бүх ажил утааг тодорхой хувиар бууруулсан ч "утааны сэргэн мандалт"-ын үе эцэслэсэнгүй.
Тэгвэл өдгөө 2023 онд Нийслэл дахин "зуух"-тай тэмцэж, арав гаруй жилийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх нь.
Тодруулбал, НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэлэхдээ "Гэр хорооллын 198 мянга орчим өрх байгаагийн 82 мянга гаруй айл стандартын бус зуухтай байна. Асуудалтай байгаа айл өрхүүдэд давхар шатлалтай зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийн гаргаад, хэрэгжүүлэлтийн шатанд явж байна" гэсэн юм.
Чухам, нийслэл бус Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо утаатай тэмцэх учиртай байсан ч татан буугдсан. Тухайлбал, МАН-ын намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр "агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байсан. Гэвч агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан учраас энэ асуудал нийслэл рүү шилжсэн" гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан 25 тэрбум төгрөгийг БОАЖЯ-ны сайдын багц дээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал" гэж тусгажээ. Одоо сайд эрхийг нь шилжүүлэхэд нийслэл ажлаа хийх юм. Зуух солилоо гээд гайхалтай, бодитой үр дүн гарахгүй ч тэд хийнэ л гэсэн бол хийнэ.
Дорвитой арга хэмжээ авах учиртай гэж ам хуурайгүй ярих боловч өдгөөг хүртэл утаан дундаа "зуух"-тайгаа зууралдсан хэвээр. Цаг хугацаа урсан өнгөрч, 10 гаруй жил хөө тортогтоо баригдсан улсын нийслэл яг л янзаараа.
М.Дэвээ