Монгол Улсын Зэвсэгт хүчин 102 жилийн түүхт ойгоо өнгөрөгч гуравдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Энэ үед ололт амжилтаа л тэд дурдсанаас хар бараан, харанхуй талаа дурсаагүй билээ.
Хугацаат цэргийн албанд татагдан очсон залуус амиа энх цагт ч амиа алдсаар байна. Гэтэл хүн амины ч байж болзошгүй хэрэг буюу ЗХЖШ-ын харьяа 326-р ангийн цэргийн нас барсан байдлыг харсан гэх Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дүгнэлт хийж, "гадны нөлөөгүй" хэмээсэн. Сайд бол задлангийн эмч биш. Атал эл үгийг хариуцлагаа үл ухамсарлан хүүгийн ар гэрт жишим ч үгүй хэлж орхисон нь ямар гээч харанхуй сэтгэл билээ.
Сайдын даналзах нь аргагүй. Учир гэвэл цэргийн аливаа осол эндэгдлийн хариуцлагыг Цэргийн мэргэжлийн удирдлага хүлээх нь тодорхой юм. Батлан хамгаалах яам бол төрийн захиргааны төв байгууллага. Гэвч... Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15.3.4-т "батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" хэмээн заасан байдаг. Тухайн хэрэг гарсан 326-р ангийн нөхцөл байдал "хүн" тэнд амьдралынхаа нэг жилийг өнгөрөөхөд хэцүүхэн байгааг хэвлэлээс харсан биз ээ.
Цэргийн алба хаагчдын эрхийг яам яаж хамгаалсан хэрэг вэ?
Мөн нэг цэргийн жилийн хувьсах зардал өмнө нь 9 сая орчим төгрөг байжээ. Үүнийг 2024 оноос 12 сая төгрөг болгон нэмэгдүүлж буй талаар салбарын сайд хэлж байв. Гэтэл сайдын албан тушаалаа аваад 4 дэх жил рүүгээ шуударч буй Батлан хамгаалахын удирдаачийн ажил өдгөө л эхэлж байх юм. Өнгөрсөн хугацаанд төсөв батлуулсан ч хэрэгжилтийг хянаагүй бололтой. Мөн л адил цахим орчноос мэдээлэл авсан бололтой, онцгой анхаарч байгаа л гэнэ.
Түүнчлэн тэрбээр "Сүм хийдэд сууж байгаа лам нар биеэр алба хаах боломжгүй" байдаг гэх үгийг өмнө нь ХМХ-ээр хэлсэн. Гэтэл цэрэг нас барсан хэрэгт "оюутныг цэргийн албанаас чөлөөлөх хууль байхгүй" гэж таахалзсан билээ. Цэргийн албанд явсан залуус хийдэд шавилан суугаагүй ч боловсрол эзэмшихээр их сургуулийн танхимд суусан нь буруудах учиргүй.
Жил ирэх тусам залуусын алба хаах хүсэл нэмэгдэж байгаа, давуу талуудыг нь олж харсан гэх мэт үгсийг унагааж байсан нь ч саяхан. Судалгаагаа харуулна уу, сайд аа.
Үүгээр зогсохгүй, 2022 онд цэрэг нас бардаг асуудлыг Г.Сайханбаяр сайд таслан зогсоосон хэмээн ярьж зогсох хойгуур цэргийн алба хаагч хохирсоор байсан юм бус уу. Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл буюу өнгөрөгч 2022 онд танилцуулсан илтгэлд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20 хэрэг гарсан тухай дурдсан гэх мэдээлэл бий.
Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэртэй холбогдож эмгэнэл илэрхийлсэн гэх. Гэхдээ хүнлэг бус нийгмийг тэргүүн эгнээг албан тушаалтнууд оройлно.
Цэрэгт хүний амь эрсэдсэн нь байдаг л нэг үйл явдал шиг хэрэгт хандаж, хариуцлагагүй үг хэлснээрээ, хагархай цонх, мөөгөнцөртэй ханатай цэргийн анги одоо хүртэл байгаад Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх үү.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)