УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.
Тэрбээр “Манай засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилд үнэлэлт дүгнэл өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавин суурь реформын шинжтэй асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
30 жилийн бугширсан асуудал гурван жил бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт чиглэж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ уулзсан уулзалтын үеэр мэдрэгдлээ.
Энэ онд олон жил бугшсан далд эдийн засгийг ил болгох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр Монгол Улсын ДНБ 62.4 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давж түүнийг бид хамтдаа төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулсан. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наядыг давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.долларыг өрийг бүрэн төлж барагдуулсан.
Улсын төсөв энэ жил оны эцэст анх удаа 1.8 орчим их наядаар давж, төлбөрийн тэнцэл анх удаа 530 орчим сая ам.доллараар давлаа. Энэ амжилтад үндэслэж, ирэх оны төсвийн хуулийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа.
Ирэх онд эдийн засаг долоон хувиар өсч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж төсөөллөө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн, таван тойрог багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн гол онцлог юм. Энэ хүрээнд аймгийн төвүүдийг аймагтай нь, мөн аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох 1300 км авто замын ажлыг эхлүүлнэ” гэв.