Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт үг хэлэв.
Тэрбээр, "Монгол Улсын үндсэн хуульд засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн чухал заалт бий. Энэ эрхээ ИТХ-аар дамжуулан эдэлдэг. Гэхдээ өнөөдөр тухайн заалт хэрэгжих боломжгүй болж байна. Нэгдэх өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр сонгуультай холбоотой хуулиуд дээр өөрчлөлт оруулахаар яригдлаа. Аливаа сонгууль болохоос өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг үүгээр зөрчиж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан юм билээ. Гэвч ажлын хэсэг нь ажлаа хийж чадаагүй юм байна. Тиймээс энэ хуулийг өөрчлөх саналыг 6 сараар сунгах гэх зэрэг хуулийн хулгай УИХ-ын чуулган дээр орж ирж байна.
Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ард түмний эрх рүү шууд халдаж буй хэлбэр. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногийн Хотын даргын томилгоо. Энэ бол Улаанбаатар хотын 1,7 сая иргэний эрхэд шууд халдсан үйлдэл. Иргэд ИТХ-аар дамжуулан Хотын даргаа сонгодог. Үүнийг бол шууд өөрчилсөн.
Хотын дарга ажлын төлөвлөгөөгөө НИТХ дээр танилцуулах байтал ЗГ-таа танилцуулаад явж байна. Бид монголын түүхэнд байгаагүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай болжээ. Ерөнхий сайдаар дамжуулаад бүх томилгоог хийж байна.
Мөн Баянгол дүүрэг засаглалын хямралд орсон. Дүүргийн засаг даргаа сонгож чадахгүй 9 сарын нүүрийг үзэж байна. Иргэдийн засаглалд хяналт тавих эрхийг үгүй хийж байна. Сонгуулийг будилаантуулах, эрх мэдлийг дахин гартаа авах боломжуудыг бий болгож байна. Хотын даргаа өөрсдөө сонгодог тогтолцоо руу шилжих ёстой" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)