УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийн тухай танилцуулж өгье. 2022 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр тэтгэвэр 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болсон. Хоёрдугаар сарын 1-ны өдөр гурил 50 мянган төгрөг буюу 500 мянган төгрөгөөр 10 шуудай гурил авдаг болсон. Гэтэл жил хагасын дараа тэтгэвэр 550 мянган төгрөг болсон боловч гурил 120 мянган төгрөг болсон. 10 шуудай гурил авах мөнгө чинь 4.5 шуудай болох болчихоод байна.
Засгийн газар нэг халааснаас мөнгө гаргаад “ахмадуудаа та нарын тэтгэврийг нэмлээ шүү” гэчхээд, нөгөө гараараа инфляцийг бий болгоод мөнгийг нь авчихаж байна.
Энэ асуудлыг тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар шийдвэрлэдэг. Энэ хуулийг 50 гаруй улсад хэрэглэдэг. Энэ хуулийг ганцаараа нэг хэсэг ярьдаг байлаа. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг ярьсны үр дүнд Нийгмийн даатгалын багц хуульд тодорхой хэмжээгээр орж ирсэн. Миний хууль хамтатган хэлэлцэгдээд батлагдсаны үр дүнд 2024 оны улсын төсвийн төсөөлөлд энэ жилийн инфляцийг 10 хувиар тооцоод 880 тэрбумыг ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудал орж ирлээ. Нэг асуудал гарч ирж байгаа нь 10 хувийн дагуу тэтгэвэр нэмэгдэх нь. Гэтэл 2022 оных шиг бүгдийг нь нэмж болохгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах нь чухал" гэв.
Сэтгэгдэл (6)