БШУЯ-наас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа зарлан танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дээд боловсролын хуулийн дагуу их дээд сургуулиудын эрэмбийг зарлаж байна. Алсын хараагаар олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлнэ. Чанарыг дээшлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна. Хоёрдугаарт, Олон улсын үнэлгээний байгууллагуудтай хамтран хоёр жил тутамд дээд боловсролын эрэмбэ, чансааг танилцуулна.
Үндсэн үнэлгээ ирэх хавар зарлагдана. Өнөөдрийн зарлагдаж буй эрэмбэ бол урьдчилсан үнэлгээ юм.
Намайг ажлаа авах үед Монгол Улс 100 орчим их дээд сургуультай байсан. Өнгөрсөн хугацаанд 27 их дээд сургуулийн үйл ажиллагааг цуцалсан. Их дээд сургуулиуд 4000 орчим хөтөлбөртэй байсан. Орон сууцны подволд хүртэл Их сургууль нэртэй сургууль байсан. Өнөөдрийн байдлаар 1286 хөтөлбөрийг цуцалсан.
Уг эрэмбийн 60-с дээш хувийг хангаж байгаа 18 сургууль байна. 50-с дээш хувийг хангаж буй 30 хүрэхгүй сургууль байна.
Өнөөдрийн эрэмбэ зарлагдаж буй 61 их дээд сургуулиас 50-с дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна. Цаашид их дээд сургуулиудын статус ангилалыг дээшлүүлэх шаардлага бий. Монгол Улсын их, дээд сургууль төгссөн хүний диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байх тогтолцоог бий болгохын тулд өнөөдрийн эрэмбийг зарлаж байна" гэв.
Д.Батчулуун