Бүгд Найрамдах Франц улстай ураны хайгуулыг хамтарч хийх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ураны хайгуул хийж, хайгуулаа баталгаажуулж туршилтын олборлолт хийхтэй холбогдуулан энэхүү төсөл нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг хангасан. Иймд энэ оны тавдугаар сард буюу Франц Улсын ерөнхийлөгч айлчлал хийсэнтэй холбогдуулж Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлэлцээрт орж, ажил эхэлсэн.
Хөрөнгө оруулалтын 34 хувийг бид эзэмшээд үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт нийт 2,5 тэрбум долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно. Мөн үүнийгээ дагасан ногдол ашиг хүртэх асуудал хөндөгдөнө. Хамгийн дээд талдаа 3,8 тэрбум долларын эргэлттэй байх нь гэсэн тооцоо судалгааг урьдчилсан байдлаар гаргасан.
Мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар үр өгөөж гарахыг судлахад өнөөдрийн үнэ цэнээр 3,5 тэрбум долларын орлого орно. Төслийн нийт өртөг 1,6 тэрбум ам.долларын өртөгтэй. Иймд 500 орчим сая долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Тухайлбал, хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн. АМНАТ-ыг тооцож авах нь чухал гэдэг нь тодорхой болсон.
Энэ нь чухал ач холбогдолтой гэж үзэн 34 хувиас татгалзаад, таван хувийн АМНАТ авах боломжтойг судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой. Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авна гэдэгтэй санал нэгдсэн.
Ураны төслийг Монголын ард түмэн анх удаа хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ төслөөс бид эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой. Тухайлбал, үр ашгийн дийлэнх нь Монголын талд ногдох ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)