УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гарагсан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын төсөвтэй холбоотой асуудлыг илүү нухацтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг гарч ажиллана. 2024 оны төсөвт урьд жилүүдээс илүү хариуцлагатай хандана. Төсөвтэй холбоотой асар олон зүйл бий. 2023 онд 20 их наяд гэх зарлагын дүнг давсан бол 2024 оны төсөв 27, 28 их наяд руу очих нь. Нэг жилийн дотор 30, 40 хувь нэмэгдэхээр байна. Энэ дүнгийн хүрээнд асар олон зүйлийг ярилцах шаардлага бий.
Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль гэх урт нэртэй хууль байдаг. Энэ хуулийн 3.4 гэдэг заалтыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд маш их худалдан авалтууд, авлигалын асуудал яригдсан.
Гуравдугаарт, Ирэх долоо хоногт Ковидын сонсгол зохион байгуулна. Сонсголын хүрээнд бидэнд ирж буй мэдээлэл хангалтгүй байгаа. Мөн шинжээч томилж өгөөгүй. Зохион байгуулалттайгаар асар дутуу мэдээлэл өгсөн.
Дөрөвдүгээрт, МСНЭ-ээс тавьж буй шаардлага буюу хуулийн зүйл заалттай холбоотой асуудалд бид байр сууриа нэгтгэлээ. Ардчилсан нам болон бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд иргэдийн мэдэх эрхийн талд зогсох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан" гэв.
Д.Батчулуун