МСНЭ-ээс УИХ дахь ХҮН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ. Энэ үеэр хуульч О.Батхүү байр сууриа илэрхийлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцно гэсэн хуулийн төсөл оруулсан. Үүнийгээ тайлбарлахдаа Дээд шүүхийн "тусгай субъект"-д хамааруулна гэсэнд нааж, булзайруулж байгаа юм.
Эрүүгийн хуулийн цэг таслал, үг үсэг болгон хүний амьдрал хувь заяаг шийддэг учраас маш тодорхой байх ёстой. Яагаад эрүүгийн хуульд хүн гэж зааж байгаа юм бэ. Хүн гэхээр Монгол Улсын 3,5 сая иргэн болгон хамаарч байна. Хуулиндаа тусгай субъект гэж оруул л даа. Хуулиндаа хүн гэчихээд Дээд шүүхийн тайлбар руу бухаж болохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллага бол нийтэд ил бус хууль зөрчсөн мэдээллийг олж авч, түүнийгээ иргэдэд хүргэдэг. Ингэснээр хулгай, луйврыг илчилдэг. Гэтэл өнөөдөр тухайн хууль батлагдвал энэ байдал үгүй болно.
Жирийн иргэдийн мөрдөн шалгах ажиллагаанд сэтгүүлчид оролцох шаардлагагүй. Харин нууцын тамгатай, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хаанаас олох юм бэ, хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа шударга иргэд хэнд хандах юм бэ. Иргэдийн мэдэх эрх үүгээр хязгаарлагдаж байна.
Тиймээс ХҮН-ын хувьд 21.9 гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа" гэв.
М.Жаргал