Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д энэ сарын 10-14-нд хийсэн төрийн айлчлалын үеэр Соёлын сайд Ч.Номин тус улсын Соёлын сайд Рима Абдул Малактай уулзлаа.
Уулзалтаар хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Дэлхийд кино урлагаараа тэргүүлэгчдийн эгнээнд БНФУ багтдаг. Тус улсын кино урлагийн түүх 1895 оноос эхлэлтэй. Кино урлагийн түүхэн дэх шилдэг уран бүтээлүүд Франц Улсаас төрсөн байдаг.
Энэхүү уулзалтаар хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл Франц Улсын “Фильм Франц” байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж, хамтран кино уран бүтээл туурвих асуудлаар хоёр орны Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх саналыг тавив.
Мөн уулзалтаар хүүхэд залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох үүднээс өсвөр насны хүүхдүүд соёлын үйлчилгээ, сургалт дугуйланд хамрагдаж улмаар тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх замаар соёлын боловсролыг дэмжих арга хэмжээ буюу Франц Улсад хэрэгждэг соёлын пассын системийг Монголд нэвтрүүлэх талаар туршлага судалж санал солилцлоо гэж Соёлын яам мэдээллээ.