Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгааг сэтгүүлчид эсэргүүцэж шаардлага хүргүүллээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийв.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны эсрэг нууцыг задруулах гэмт хэрэг манай улсын хууль тогтоомжид 1926 оноос хойш эрүүгийн хууль тогтоомжид орсон гэмт хэрэг.
Энэ нь сүүлийн 100 жилд гэмт хэрэг байсаар ирсэн, цаашид ч байна. 100 жилийн өмнө 100-600 төгрөгийн торгуулийн ялтай байжээ.
Гэмт хэргээр шалгадаг, хариуцлага тусгай субъектэд жирийн иргэд, сэтгүүлчид ордоггүй онцлогтойгоор хуульчлагдсан. Биднийг хэлээд байна, жирийн иргэдийг шийтгэх гэж байна гэсэн буруу мэдээлэл тарааж байна. Гэхдээ хууль бол шинжлэх ухаан. Үүнийг хүн болгон ойлгох албагүй, төөрөгддөг.
Мөрдөн шалгах ажиллагааны нуцыг задруулсан хүн гэдэгт тухайн хэрэгт оролцогч орчуулагч, хөндлөнгийн гэрч, шинжээч, иргэний нэхэмжлэгчийг хэлж буй юм.
Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдтэй хамаатай заалт биш. Мөн тухайн заалтад ямар ч өөрчлөлт оруулаагүй.
2015 оноос хойшхи 8 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэх үндэслэлээр ямар ч иргэн, сэтгүүлч ял эдлээгүй, шалгагдаагүй. МНСЭ ийм зүйл ангиар сэтгүүлч шалгагдаж, ял эдэлсэн гэх тохиолдол байвал одоо надад танилцуул" гэв.
М.Жаргал