УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун асуултад хариуллаа.
Тэрбээр, "Өнгөрсөн жилийн хатуу өвөл малын тоо бус чанарт анхаарах болсныг малчдад ойлгуулсан. Баян хүн нэг зуданд гэгчээр л болох шахсан. Сүүлийн 12 жил өнтэй байсан учраас малыг дураар нь бэлчээрт явуулж, тооны араас хөөцөлдсөн. Тэгэхээр баталгаатай, чанартай мал аж ахуй эрхлэх тал дээр бодлого хэрэгжүүлж байгаа. Эрүүл бүс, тусгаарласан аж ахуй байгуулах хэрэгцээ шаардлага байна.
Бэлчээрийн өвсөнд найдах бус ногоон тэжээл, тэжээлийн ургамал ихээр тариалах бодлого хэрэгжиж байгаа. Энэ жил 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авах урьдчилсан тооцоолол гарсан.
Дарханы арьс ширний үйлдвэр барихгүй, цэвэрлэх байгууламжийг барина. 2024 оны төсөвт тусгасан. 2025 онд ашиглалтад орно. Энэ хүртэл арьс ширийг чөлөөтэй гадагш экспортлох боломжтой" гэв.
М.Жаргал