Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Елизейн ордонд дараах баримт бичгийг байгуулав:
- “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр (Хэли-Юнион компани)”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг төлөөлж Францын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг сургах, цаг агаарын ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр ур чадвартай болгох, тусгай үүргийн нислэгийг хамтран гүйцэтгэж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх ажлыг гүйцэтгэнэ.
- “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр (Дэсотэл компани)”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг төлөөлж Францын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар гарын үсэг зурав.
Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой. Үүний хүрээнд тусгай зориулалтын 18 нэгж гал түймэр унтраах автомашин нийлүүлж, ОБЕГ-ын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэнэ.
- “Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол”-д Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хөрөнгө оруулагчийг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын Орано майнинг САС-ийн Ерөнхий захирал Клод Имавэн нар гарын үсэг зурав.
Дорноговь аймагт байрлах Дулаан-Уул, Зөөвч-Овооны ордод ураны хайгуул хийх, уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх, Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулах гэрээний төслийг хэлэлцэж байна. Ажлын хэсэг Хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр 2023 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн уулзалт хэлэлцээний үр дүнг тодотгон хүрсэн тохиролцоо болон цаашид тохиролцох шаардлагатай зарчмын асуудлуудыг протоколд тусгав.
- “Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Франц Улсын “Tалес Аления Спэйс” хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичиг”-т Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Франц Улсын “Tалес Аления Спейс” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй нар гарын үсэг зурав.
Монгол Улс өөрийн үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгахад чухал ач холбогдолтой. Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх юм.
- “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар хоёр алба хоорондын геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, геологийн тандан судалгаа, геологийн зураглал, хиймэл дагуулын зургийн өгөгдөлд боловсруулалт хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
- “Нэн чухал ашигт малтмал: хиймэл дагуулын тусламжтай хайгуул хийх ЛиМонголиа төслийн тухай эрмэлзлийн захидал”-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү болон Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун нар гарын үсэг зурав.
Мөн айлчлалын үеэр дараах баримт бичгүүдийг байгуулав:
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 2023-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичиг нь хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэхийн төлөө хоёр улс хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тусгасан. Үүнд: улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, археологи, хүмүүнлэг, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.
- “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Франц Улсын Аж ахуйн нэгжүүдийн холбоо МЕДЕФ Интернэйшнл хоорондын санамж бичиг”-т Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын МЕДЕФ Интернэйшнлын Франц, Монголын бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Клод Имавэн нар гарын үсэг зурав.
Хоёр улсын бизнесийн байгууллагуудын урт хугацааны түншлэлийг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, уулзалт, айлчлалуудыг харилцан зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.