Хүн гэдэг загасны ой санамжтай бодгаль. Энэ нь магадгүй амьдралын өдөр тутмын адал явдал, хэмнэлтэй нь холбоотой болов уу. Тийм ч учраас бид "Бүү март" хэмээх шинэ булангаа эхлүүлж байна. Энэхүү булангаараа бид тухайн цаг хугацаандаа олон нийтийг хамарч, цочролд оруулж байсан ч одоод мартагдах шахсан дуулиант үйл явдлуудыг эргэн сануулах болно. Та битгий мартаарай.
Бидний энэ удаагийн онцлох, дахин сануулах үйл явдал бол ламхай нарын хүчиндүүлсэн хэрэг юм. Хэрэг явдлыг сөхвөл,
Зовхов Лувсандагваас эхлэлтэй шарын шашин манай оронд Түмэдийн Алтан хан 1576 онд Түвэдийн шашны тэргүүн Содномжамцыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг хүртээснээс эхлэлтэй.
Өнөө цагт гандан орж ном уншуулдаггүй Монгол хүн ховор. Гэвч иргэдийн итгэл үнэмшлээрээ ном уншуулахаар өгсөн мөнгийг кассчин лам нь хувьдаа завшсан байх жишээтэй. Тэр ч бүү хэл лам хүн охид, эмэгтэйчүүдийн итгэлийг далимдуулж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь ч бий. Энэ үйлдэл нь бүүр гаарч ламхай нар нэгэндээ бэлгийн хүчин хийсэн гэх мэдээлэл саяхан тархаж, олон нийтийн лам нарт итгэх итгэл үнстэй хутгалдсан.
Хэргийг санаалъя.
Лам нар нэгнээ хүчинддэг гэх дам яриа олон жил хөвөрсөн ч эл болсон нь одоогоос хоёр сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээнд цацагдсан хохирогч хүүгийн ээжийн яриагаар эл болов. Хүүгийн ээж "Гандантэгчилэн хийдийн ах лам нар нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Хүүгийн маань дотуур өмд цус болчихсонг хараад үнэн гэж мэдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлэлд өртсөн гэдэг нь батлагдсан" гэж ярьсан байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 12.1-ийг үндэслэн шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар шүүх хурал болж доорх шийдвэр гарсан нь энэ сарын 08-ний өдөр.
Тодруулбал, Ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус өдөр болсон. Шүүх хурлын дараа хохирогч ламхай нарын өмгөөлөгч Р.Булгамаа шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулсан.
Тэрбээр,
- Прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал оруулж ирсэн.
- Шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин хүүхдүүдтэй хамт нэг дацанд байсан нэг ламд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч байна.
- Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
- Гэм буруугийн шүүх хурлаар дээрх хүүхдүүдийг гэм буруутай эсэх нь тодорхойлогдоно. Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ.
- Мөрдөн шалгах ажлын явцад яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх, амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зохицуулалт хэмээн хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч үзсэн гэж мэдэгдсэн.
Харин олон нийт уг шийдвэртэй огт санал нийлэхгүй байсан. Гэвч одоо бид энэ хэргийг мартчихсан. Мэдээллийн ширүүн урсгалд энэ мэт дуулиант үйл явдлууд усанд хаясан чулуу шиг л мартагддаг нь жам. Гэвч сануулж байх нь бидний үүрэг билээ.
Л.Сайнаа