Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлэг баригдсан ч ашиглалтад орохгүй удааширч байна. Тойргийн сонгогч иргэдийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр тус эмнэлэгт очив. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Баянзүрх дүүрэгт дүүргийн иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Барьж дууссан энэ эмнэлгийг ашиглаж эхлэхийг иргэд их хүлээж байгаа. Яагаад ашиглалтад орохгүй байна вэ?
-Барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Үүнд айхтар нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.
Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтүүлчихсэн ийм үед бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэж иргэдтэй адилхан хүсэж байгаа юм.
-Энэ эмнэлгийг ямар өртгөөр барьсан бэ?
-Ойролцоогоор 8 тэрбум төгрөг. Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий, эмнэлгийн зориулалттай найман давхар энэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан.
-Хэрвээ ашиглалтад орууллаа гэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байна уу?
-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор байнга санал бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг тусгуулсан.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн газарамбулаторийнхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглахад бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай. Тиймээс иргэд, сонгогчдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.