Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг, аймгийн төвөөс зүүн хойш 12 км-ийн зайд Түйн голын хөндий рүү чанх урдаас орж ирсэн аманд Шатар чулууны хөшөө байдаг.
Шатар чулууны хөшөө дурсгалыг манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв гэж үздэг. Тус цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэр, хиргисүүрүүдээс бүрдэнэ.
Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдгаас олонх болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.
Барагцаалбал 13 буган чулуун хөшөө бий бөгөөд саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байдаг. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалаас ялгагдах гол онцлог юм.
МЭ 450-550 жилийн үед Хүннүчүүд шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номдоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсэж хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох. Зарим судлаачийн тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний Хүннү гүрний үеийн хот суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.