Эмгэнэл
Бямбацэцэгийн МӨНХЗУЛ (2001-2023)
Бидний хайрт охин, итгэлт багийн анд, халамжит дүү, шилдэг тоглогч, Монголын эмэгтэй Үндэсний шигшээ баг, Сторм клубын хаалгач Бямбацэцэгийн Мөнхзул нь 2023 оны 07 сарын 06-ны өдөр зуурдаар хорвоог орхиж, Монголын хөлбөмбөг, спортын гэр бүлд нөхөж баршгүй том гарз тохиолоо.
Тэрбээр 2001 оны 02 сарын 16-нд Улаанбаатар хотод мэндэлж, Ерөнхий боловсролын 41-р дунд сургуулийг амжилттай дүүргэсэн. Б.Мөнхзул нь 2015 оноос хөлбөмбөгийн спортын гараагаа эхэлж, хаалгачийн байрлалд тоглож эхэлсэн юм.
Улмаар 2017, 2020 онуудад эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний хоёрдугаар байр, 2021 онд эмэгтэй цомын тэмцээний гуравдугаар байрт шалгарч байсан төдийгүй 2020, 2021 оны эмэгтэй шилдэг хаалгачаар тодорч, оролцсон тэмцээн бүртээ ур чадвараа гайхуулсан шилдэг хаалгач байв.
Б.Мөнхзул нь 2018 оноос эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт дуудагдан тоглож эхэлсэн бөгөөд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ ачаар 2023 оноос шигшээ багийн үндсэн хаалгачаар нэрлэгдэж эхлээд байсан юм. Энэ оны 4 сард Тайланд улсын Чонбури хотод зохиогдсон Олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээний эхний шатанд өрсөлдсөн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгыг манах хариуцлагатай үүргийг Б.Мөнхзул хүлээж, нэр төртэй гүйцэтгэсэн төдийгүй эсрэг багийн олон ч аюултай довтолгоог няцааж байсан билээ.
Хорин хоёрхон наслахдаа өөрийн бүхий л амьдралаа хөлбөмбөгтөө зориулж, зөвхөн шилдэг тоглогч байгаад зогсохгүй дараагийн үе, дүү нараа бэлдэх зорилгоор U18 охидын багийн хаалгачийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Б.Мөнхзулын шаргуу хөдөлмөрч, үнэнч шударга, цовоо сэргэлэн, хөгжилтэй зан чанар нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшиж үлдэх болно. Гэр бүл, төрөл төрөгсөд, анд найзууд, Сторм клубын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Сэтгэгдэл (6)