Нар тэгширсэн зургадугаар сарын сүүлийн өдөр бид Харзтайн сэрүүн дэвжийг зорьж, Баян-Өлгий аймгийн бөхийн галаар зочиллоо. Тэдний бэлтгэл жигдэрсэн байв. Энэ үеэр бид галын ахлагч, багш Аймгийн хурц арслан К.Канаттай ярилцлаа. Удахгүй бид та бүхэнд Улсын заан Б.Серик, начин Б.Баатарцол нарын сонирхолтой яриаг хүргэх болно.
-Наадмын бэлтгэл хэр байна даа?
-Бөхчүүдийн бэлтгэл жигд сайхан байгаа. Бид анх энэ сайхан хангайд Увс аймгийн бөхчүүдийг түшиж, бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн юм. Увсынхны байрладаг газраас дөрвөн аварга төрсөн. Тийм ч учраас улсын цолтой бөх төрөх болов уу гэж билэгшээж, хажууханд нь байрлаж эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна.
-Танай бөхчүүдийн амжилтад нөлөөлж байна шүү?
-Тийм нөлөөлж байгаа. Өмнө нь урдхан байдаг Мандал нэртэй газар бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Энд ирээд дөрвөн жил болоход бөхчүүдийн маань амжилт өссөн. Тэгэхээр уул ус бөхчүүдийн амжилтад нөлөөлдөг гэж бодож байна.
-Танай анхны гал хаагуур байрлаж байсан юм бэ?
-Хамгийн анхны гал Баян-Өлгий аймагтаа Ховд голынхоо эрэгт эсгий гэр барьж аваад л бэлтгэлээ хийдэг байлаа. Өндөрлөг газар л даа. Тэгэхдээ цөөхөн бөхтэй, тав зургуулаа л байсан. 2007 оноос Туул голынхоо хөвөөг дагаад л явцгааж байна.
-Тухайн үед бэлтгэл сургуулилтыг яаж хийлгэдэг байв. Арай өөр байв уу?
-Арай өөр байсан. Одоогийн хүүхдүүдийн ууж идэх нь их болжээ. Бас их төмөр өргөдөг болж. Бидний үед төмөр байдаггүй байлаа шүү дээ. Багтарчихна гээд төмөр ч өргүүлдэггүй байсан.
-Одоогийн бөхчүүдийн төмөр өргөж байгаа нь дүрэмтэй холбоотой байна уу?
-Барьц сонгоотой холбоотой болов уу гэж бодоод байгаа юм. Бидний үед дан барилдаан хийдэг байсан учир тийм зүйл байгаагүй. Өглөө гүйлт хийнэ. Бусад үед зааланд байнгын бэлтгэлтэй байсан улс чинь сэргэлтийн бэлтгэлийг л хийдэг байж шүү дээ. Одоогийнх шиг барилдаанууд олон зохиогддоггүй, ховор.
-Энэ жил танай бөхчүүдийн өнгө хэр байна?
-Манай бөхчүүдийн өнгө их сайхан байгаа. Өмнө жилүүдийнхээс олон бөхчүүдийг нэгтгэж чадлаа. Барагцаагаар 37 орчим бөхчүүд энд байна. Уул, ус нь тэгширсэн сайхан хангай ч юм. Цол авсан нь цолоо ахиулаад, цол аваагүй нь цол авахын төлөө бэлтгэл хийж байгаа. Маргааш галын наадмаа хийчихвэл багачууд маань орон нутаг руугаа явна. Тэндээ наадамд барилдана. Харин улсын наадамд барилдах бөхчүүд нь эндээ үлдэнэ.
-Саяхан бөхийн холбооноос дүрмийн өөрчлөлт гаргасан. Энэ нь танай бөхчүүдэд хэр халгаатай бол?
-Манай бөхчүүд сийрэг барилдаантай. Сийрэгхэн барилдаантай Серикээс эхлээд л.
-Улсын цолонд ойрхон бөх хэд байна?
-Манайхаас гурван хүн байна даа. Береке, Еркебулан, Эрболат гээд гурван арслангаа л харна даа. Нэмээд Көптилек маань байна. Гэхдээ би Көптилекийг энэ жил аймгийн наадамд явуулъя гэж бодож байна. Аймагтаа арслан болчихвол өөрт нь хэрэгтэй байх. Залуу ч байна.
-“Алтан цом”-д танай аймаг сайн үзлээ шүү?
-Олзуурхаж байгаа. Шилдэг 32 багаас наймд үлдэнэ гэдэг тийм ч муу амжилт биш шүү. Чамлахгүй байгаа. Аварга, арслантай аймгууд мултарсан гэ бодохоор чансаа өндөр тэмцээн болсон гэж ойлгож байгаа.
-“Алтан цом”-доо нэгдсэн журмаар бэлтгэл хийсэн үү?
-Тэгсэн. Гэхдээ энэ жил бидэнд заалны асуудал тулгарсан.
-Нутгаас тань сайхан заан цолтон төрсөн. Тэгэхээр энэ жил билэгшээл дагаж өөр цолтон төрөх л болов уу?
-Тэгэлгүй яахав, ерөөл бат оршиг.
-Серик зааны бэлтгэл сайн байгаа юу?
-Серикийн бэлтгэл энэ жил жаахан тааруу байна. Бэртэл авсан. Гэхдээ л үзнэ дээ.
-Өмнө жил гойд сайн байсан байх?
-Тийм. Өмнө жил гойд сайн байсан. Гэхдээ “Сүлд”-ийнхэнтэй бэлтгэл хийж, наадамд барилдсан.
-Та ер нь анх хаана бэлтгэл хийж байв?
-Би чинь Налайхын унаган хүүхэд. Улсын начин Должингийн Адъяатөмөр гэж хүн байлаа. Чөлөөтөөр барилддаг, их өндөр хүн байсан даа. Анх зургадугаар ангидаа тэр хүн дээр очиж шавь орсон. Тэр цагаас л бөхтэй амьдралаа холбосон доо. Том Сүхбат гээд л мундагуудтай хамт бэлтгэл хийдэг байлаа. Багшаасаа би олон зүйлийг сурсан. Багш маань их буянтай хүн байсан шүү. Барилдааны арга ухаан, сэтгэлзүй, харилцаа гээд л аль сайн бүхнийг тэр хүн л заадаг байсан. Барилдах нэг өөр. Биеэ зөв авч явна гэдэг тэс өөр зүйл шүү дээ. Тэр л чухал.
-Та хоёр Мөнх зэрэг томчуултай барилдаж байв уу?
-За ер нь л бүгдэнтэй нь л хүчийг үзсэн дээ. Гэхдээ аваргуудыг бол хаяж үзээгүй санагдана.
Л.Сайнаа