Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний баяр наадам 13 хоногийн дараа эхэлнэ. Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээний наадмын сорилго барилдаан Харзтай дахь “Хайрын билэг” амралтын баазад болов. Барилдаанд улсын начин Б.Батжаргал, аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүү, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар, Э.Буянтогтох тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын начин Б.Батжаргал үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Э.Буянтогтох шалгарлаа.
Түрүү бөх Н.Өсөхбаяр улсын цолонд хамгийн ойрхон бөх. Тэр 2023 онд Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлж, Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн цолтны барилдаанд их шөвөгт, Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтны барилдаанд түрүүлсэн байна. Н.Өсөхбаяр арслан 2014 онд сумын заан, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан, 2022 онд хурц арслан чимэг хүртжээ.
Галын сорилго барилдааны үеэр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар хүрэлцэн ирж бөхчүүддээ амжилт хүсч таван сая төгрөг хандивласан юм.
А.Сүх