Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар аймаг, цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам зохион байгуулагдахаа больсон юм. Энэ барилдаан бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэн хүлээсэн барилдаан мөн. Үнэн хүчийг үзэж, шударга сайхан барилдааныг эндээс үзэх нь бага биш. Тэгвэл МҮБХ-ноос Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өнөөдөр ХЗДХЯ-нд гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь. Энэ өөрчлөлтөд Бүх цэргийн баяр наадмыг тусгах гэнэ. 1992 оноос эхтэй Бүх цэргийн наадамд түрүү хүртсэн бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын аваргууд төрөн гарсан бөгөөд анхны барилдаанд улсын начин С.Дэлгэрбат түрүүлж байв. Харин өнгөрсөн жил 31 дэх удаагийн отгон барилдаан улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, хурц чимэг хүртэн нэг сарын зайтай болсон Улсын баяр наадмаар заан цол хүртсэн билээ.