Өчигдөр /2024.02.07/ Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Аймгийн арслан Э.Мөнхжаргал аатайхан барилдаж түрүүллээ. Анх 2022 онд Аймгийн заан цолтой байхдаа Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлснээр олны хайр, хүндлэлийг хүлээх болсон Э.Мөнхжаргалын тухай бид онцолж байна.
Тэрбээр Архангай аймгийн Хотонт суманд 1996 оны тавдугаар сарын 31-нд мэндэлжээ. Түүний биеийн өндөр 180 см, биеийн жин 125 кг юм. Одоогоор,
- "Бөх Билэгт" дэвжээ
- "Сүлд" спорт хороо
- Хатант Интернэшнл ХХК
- УСУГ компанийн нэр дээрээс барилдаж байгаа.
Э.Мөнхжаргал нь 2015 онд Сумын начин, 2017 онд Сумын заан цолыг хүртэж байжээ. Улмаар 2019 оны Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн өлзийт начин Э.Төгөлдөрт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн бол 2022 Багахангай дүүргийн баяр наадамд аймгийн арслан Б.Очирхүүгээр 7 даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн байдаг.
Начин цолны эрэмбэтэй бөх
Тэрбээр 2021 онд болсон залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаанд тав давсан. Харамсалтай нь, чансаа өндөр энэхүү барилдаанд улсын цол олгоогүй билээ.
Тэрбээр нэгийн даваанд аймгийн арслан Б.Гончигтавхайг, хоёрын даваанд улсын начин М.Эрдэнэбатыг, гурвын даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьдыг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын начин "одоо харцага" О.Мөнх-Эрдэнийг тус тус давж, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Э.Ууганбаярт өвдөг шороодсон юм.
Цагаан сарын барилдаанд түрүүлсэн нь
Түүний аав У.Эрдэнэхүү нь мөн цэргийн начин цолтой бөх юм. Удам дагасан тэрбээр Цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Хоёр жил цуцлагдсан сар шинийн барилдаан 2022 онд эргэн ирж, үзэгч олныг баясгасан. Бөх сонирхогчид дор бүрнээ л түрүү бөхийн таамаг дэвшүүлж байв. Гэвч хэн нь ч Аймгийн заан Э.Мөнхжаргалыг түрүүлнэ гэж бодоогүй биз ээ. Тэр нэгийн даваанаас эхлэн томчуудыг “нураасан”. Тухайлбал, нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, их шөвөгт улсын гарьд М.Бадарчийг, эцэст нь улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус давжээ.
Тэрбээр жүдо суурьтай, ОУХМ цолтой нэгэн. Үндэсний бөхөд орхоосоо өмнө жүдо бөхөөр тууштай хичээллэж, улсын аварга болоод амжсан. Мөн саяхан тэр бөхийн өргөөнд үзүүрлэж, "Алтан цом"-ын төлөөх барилдаанд багтаа үнэтэй даваануудыг авч, багаа ялалтад хөтөлсөн билээ. Тийм ч учраас бөхийн хорхойтнууд түүнийг улсын цолонд хамгийн ойр бөхөөр нэрлээд байна.
Өчигдөр тэрбээр дөрвийн даваанд Цэргийн заан Б.Өлзийсайханыг, тавын даваанд Аймгийн арслан П.Хүрэлбаатарыг, зургаагийн даваанд Аймгийн арслан Д.Алтанцоожийг, долоогийн даваанд Аймгийн арслан Б.Ганбаярыг, наймын даваанд Аймгийн хурц арслан О.Наранбаатарыг тус тус хаяв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (11)