Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг тунхагласан байдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан өөрийн авьяас, мэдрэмжээ Монголын уран зохиолд тод үлдээсэн цөөхөн найрагчдын шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч Дорждамбын Баттогтох
Мөрөөдлийн шүлэг
Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан…
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.
Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юмсан.
Урины шувуу мэт нисч ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юмсан.
Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юмсан.
Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.
Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхөрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юмсан
Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юмсан.
Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юмсан.
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юмсан.
Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юмсан.
Бор бор бялзуухайг исгэрч хангинтал дуулах юмсан.
Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юмсан.
Таагүүрийг ойлгож, тасарсан навчисыг өрөвдөж, гэгээ татуулан унах харвасан одны хэлтэрхийг үзэх юмсан.
Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолон
Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан.
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан...
***
Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан
Аньгсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм...
Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ
"ЦАС, БОРОО"
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
***
Гүрэн улсын минь нийслэл уушийн газар олонтой ч
Гүндүүгүй цагаахан хүмүүст тэр нь даанч хамаагүй
Хань нөхөртөө хаягдсан яруу найрагч хаа хонох нь
Хоолтой ундтай л бол хонгорхон бүсгүйд хамаагүй ээ
Хүйтэн өдрийн турш ганцаардсан
Хүн чинь бас ууж болно биз дээ
Хүндлэл болоод доромжлолын дунд ганцаараа
Хүн чинь бас уйлж болно биз дээ
Согтууран байх эрхийг надад өгсөн орчлон минь
Гэнэт одоо нүүрээ буруулах чинь юу билээ
Охидын нүдэнд дурлаж явсан минь буруу л юм бол
Огт сайхан юм чамд хаа ч байхгүй гэдгийг хэлье өө
Дахиад хүн болж төрөхгүйн төлөө
Далдаас харж суугаа бүхний төлөө
Цус мэт улайран эргэлдэх энэ муу жүнзтэй архиудыг чинь
Цугийг нь ууж дуусгаад дараа нь харин бүх жүнзийг чинь хага шиднэ ээ...
***
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...
Яруу найрагч Цэвэгжавын Батбаатар
"Н.Норовбанзад агсны гэгээн дурсгалд зориулав"
Гадаа намрын шөнө цав цагаан бороотой...
Газрын хүнд хэтийдсэн
намуухан дуу эгшиглэнэ.
Согтчихоод, бас жаахан гутарч явсан болохоор
Сонсоод сууж чадсангүй ээ...
амандаа л дагаж аяллаа.
Солгой буруу хоолойтой ч
хүний л халуун сэтгэлтэй...
Согтуу хөлчүү нь хамаагүй ээ...
бусдын л ижил нулимстай...
Дуулаад мартаж чадахгүй
Монгол ардын зовлон минь
Дураараа ямар мөнхийн
ингэж амьдрах биш дээ...
"Элс манхан нутагт эмгэн буурал ээжтэй ..."
Энэ юуны дуу вэ..хүний дуу мөн үү...
Элин халин дүүлэх жигүүртний дуу биш үү..
Ээрэм холд зэрэглээтэх алсын бараа ч юм уу
Энд уймарч суугаа залуу нас минь ч юм уу...
Энгийн адууны унага нь гүйж ирдэг газраас
Ээжийгээ хотоос санахаараа
дуу захиаллаа гэв үү...
Хэл мэдэхгүй адгууснаас
нууж уйлмаар санагдлаа.
Хэний дуу вэ энэ....хүний дуу мөн үү...
***
Ахиад би танайхаар хэзээ ч шагайхгүй гэж
Хор шарандаа шидээд гарсан хаалгануудыг
Ахин тогшихоор, ахин тогшихоор зогсож байна
Хорвоогийн өөдөөс бардаж дайрсан амаараа
Бахыг нь хангахаар зүрхэлж ядан зогсож байна
Хоолой зангирам харалган тэнэг үгнүүдийг
Ахин сонсохоор өвдөг чичрэн зогсож байна
Одоохон энэ хаалгыг тогшихоос өмнө
Омогтой шазруун үе минь эргэн ирдэг ч болоосой
Шалавхан энэ хаалгыг тогшихоос өмнө
Шамбалын гэгээн ертөнцөө нээгээд өгдөг ч болоосой
Уур хилэндээ саваад гарсан хаалгануудыг
Уучилж чадахгүй нулимсаа залгиж тогшсондоо би.
Унтаад сэрээгүи айлын харанхуй цонхон дээр
Уймраа хаврын цагаан цас бударсан даа
Уйлаад гарсан цайлган багын гоморхлоо
Эгцэлж харалгүй газар ширтэн аргадсаар
Уяхан замба тивийн наран гийсэн шуранхайн доор
Энэхэн дэлхийнхээ араншин бүхэнд дассан даа, би...
Яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ
Чинагш юм бүхэн улирч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ
Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхгүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)