Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно-2022" ёслол Чингис хаан музейд өчигдөр болж өндөрлөлөө. 20 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадамд 16 номинацаар шилдгүүдийг шалгарууллаа. Энэ удаагийн наадамд 25-н тамирчин, дөрвөн баг нэр дэвшсэн юм. Ийнхүү "Бөртэ чоно-2022" наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар шалгарч, Бөртэ чонийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн наадамд шилдгийн шилдэг тамирчнаар тодордлоо.
Ийнхүү уншигч та бүхэнд 20 дахь удаагийн “Бөртэ чоно” наадмын тухай хүн бүрийн мэдэхгүй, сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Энэ ёслолыг анх санаачилсан хүн нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин юм. 2002 онд анхны “Бөртэ чоно”-ыг зохион байгуулахад гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв.
Харин энэ цомыг хамгийн олон авсан нь олимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онуудад хүртэж байжээ.
Спортын төрлөөр нь ангилбал жүдочид есөн удаа шилдэг болж байсан байна. "Бөртэ чоно"-ын оны хамгийн шилдэг өргөмжлөлийг хоёр тамирчинд хамт өгсөн дөрвөн тохиолдол байдаг нь 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, 2014 онд С.Цэрэнчимэд, Г.Болдбаатар, 2016 онд Д.Сумъяа, Д.Отгондалай нарт өгч байв.
"Бөртэ чоно" наадмын он оны шилдгүүд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)
2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)
2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)
2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.
2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам түүхэндээ анх удаа өнжив.
2021 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2022 он: Ц.Цогтбаатар (жүдо бахийн ДАШТ-ий алтан медаль)