Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно-2022" ёслол Чингис хаан музейд өчигдөр болж өндөрлөлөө. 20 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадамд 16 номинацаар шилдгүүдийг шалгарууллаа. Энэ удаагийн наадамд 25-н тамирчин, дөрвөн баг нэр дэвшсэн юм.
Ийнхүү "Бөртэ чоно-2022" наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар шалгарч, Бөртэ чонийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн наадамд шилдгийн шилдэг тамирчнаар тодорч байсан билээ.
Түүний энэ оны амжилтууд:
- "Ташкент-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медал
- Парисын "Их Дуулга" тэмцээний хүрэл медаль
- Улаанбаатарын "Их Дуулга" тэмцээний хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
Мөн тэрбээр жүдо бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав дахь тамирчин болсон бөгөөд дэлхийд ранкаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Ийнхүү шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан Ц.Цогтбаатарын сэтгэгдэлийг хүргэе.
Тэрбээр “ Энэ амжилтад хүрэхэд маань маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Жүдо бөхийн холбооноос эхлээд маш олон байгууллага миний ард байдаг. Миний гэр бүл, найз нөхөд, бэлтгэл хангаж өгдөг дүү, ах гээд олон хүнээс энэ амжилт бүрдсэн. Хичээсний эцэст зорилго маань биелж байна. Аль болох спортын бүх замналдаа манлайлахыг хичээх болно.
Энэ онд маш олон тамирчид шилдгээр шалгарлаа. Сэтгэл догдлон хүлээсэн хүлээлттэй өдөр байлаа. Хамгийн шилдэг тамирчин, шилдгийн шилдэг гээд маш олон мундаг хүмүүсийн барьж байсан энэхүү нэр хүндтэй цомыг өөрийн гараар тэврээд зогсож байгаадаа маш их баяртай байна.
Тамирчин хүнд маш том зорилго үргэлж сэтгэлд нь байдаг. Дахин олимпын аварга болох, Дэлхийн аварга болох зорилготой. Боломж бололцоо бүх зүйл минь байвал гаргасан амжилтуудаа дахин гаргахыг зорьж байна.
Энэхүү амжилтын ард миний гэр бүл байгаа. Энэ бүхэн надад зогсохгүй, шантрахгүй, ухрахгүй байхад нөлөөлдөг. Тиймээс өнөөдрийг хүртэл бүх зүйлээ шавхаад явж байна. Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Унасан ч, боссон ч үргэлж ард минь байдаг маш олон хүмүүст баярлалаа. Энэ сайхан итгэлийг аль болох чадлаараа унагаахгүй, нэр хүндээ гоё авч явахыг хичээнэ. Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе" гэв.
Д.Батчулуун