МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын заан цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ сарын 24-нд "Монгол бөхийн өргөө"-нд боллоо. 103 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Завхан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, сумын заан Доржготовын Доржсүрэн 10 даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын заан Мөнхбатын Цэрэн ес давж үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Эрдэнэ сумын заан Б.Отгонбаатар, тавд Завхан аймгийн Нөмрөг сумын заан Ё.Гантулга, Говь-Алтай аймгийн Бугат сумын заан А.Хишигдорж нар шалгарлаа.
Л.Сайнаа