Дэлхийн чансааны шилдэг жүдочид чуулдаг "Мастерс" тэмцээнд өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Японы Микү Таширо буюу Такаичи сонгодог барилдаан харуулсаар ялалт байгуулав. Түүний өрсөлдөгч Такаичи Токиогийн олимпийн дараа удаан хугацаанд зовоосон мөр болон өвдгөндөө хагалгаа хийлгэж жүдогоосоо нэг жил, хоёр сарын хугацаанд завсарлага авсан байсан юм. Татамидаа эргэн ирээд хоёрхон сарын хугацаанд "Кодокан Кап", Токиогийн "Их Дуулга", Иерусалемийн "Мастерс" гээд гурван том тэмцээнд торолгүй түрүүлж том мэдэгдэл хийв.
28 настай түүний хувьд Иерусалемд алтан медаль зүүснээр тус тэмцээнд дөрвөн удаа аваргалсан (2015, 2016, 2017, 2022 он) дөрөв дэх эмэгтэй жүдоч болсон юм. Түүнээс өмнө нь Д.Сумъяа (Монгол), Ким Поллинг (Нидерланд), Дистриа Красники (Косово) нар аваргалж байсныг өчигдөрхөн хүргэж байсан. Мөн 2018, 2019 оны хүрэл нэмэгдсэнээр "Мастерс"-т хамгийн олон медаль хүртсэн нь түүний нэр дээр бичигддэг.
Эрэгтэйчүүдээс ганцхан домогт Ринье ганцаараа тус тэмцээнээс дөрвөн алттай. Дэлхийд хоёр үзүүрлэж, хоёр удаа хүрэл медаль зулгаасан Такаичи бүсгүйд олимпийн медаль, дэлхийн түрүү л дутуу. Гагцхүү дутуугаа гүйцээхээр л тэр татамидаа эргэн ирсэн юм.