Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хагас шигшээгийн Франц-Марокко 2:0 тоглолтыг өнгөрсөн лхагва гарагт Катарт ирж “Эль Байт” цэнгэлдэхэд багаа дэмжиж үзсэн. Тэрбээр өнөөдөр нийслэл Парисаас тусгай онгоц хөлөглөн Катарын Лусаил хотод ирж Аваргын төлөөх финалын Аргентин-Франц тоглолтыг үзэх ажээ. Ерөнхийлөгч Эммануэл Макрон дөрвөн жилийн өмнөх “Россия 2018” ДАШТ-ий финалд Францын хөлбөмбөгчид Хорватыг хожиж дэлхийн аварга болоход цэнгэлдэхийн суудлаас үзсэн.
Францын шигшээ баг ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн дундын шугамын Погба, Мане нарын шилдэг хөлбөмбөгчид бэртэл гэмтлийн улмаас “Катар 2022”-т оролцоогүй Катарт болж байгаа тоглолтуудыг гэртээ телевизээр үзэж байна.
Энэ онд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний “Балон де Ор” шагналын эзэн болсон довтлогч Бензема “Катар 2022” ДАШТ-ийг зорьсон Францын шигшээ багийн 26 хөлбөмбөгчинтэй бүрэлдэхүүнд багтсан ч Катарт ирсэн хойноо бэлтгэл дээр хуучин бэртэл нь сэдэрсний улмаас гэртээ буцаж эмчилгээ хийлгэж байгаа. Тэрбээр өмнөх 2014, 2018 оны ДАШТ-д шигшээд дуудагдаагүй тул тоглоогүй. Францын дасгалжуулагч Дидье Дешам нь Бенземагийн оронд зориуд шинээр тоглогч дуудаагүй багийн бүрэлдэхүүнд нэрийг нь хадгалж буй. Хэрвээ тэрбээр өөрөө зөвшөөрвөл ДАШТ-ий алт, мөнгө алин ч байсан түүнд медаль өгөхыг зорьжээ.
Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон дээр нэр дурдсан Погба, Мане, Бензема нарыг Катар руу нислэг хийх Ерөнхийлөгчийн онгоцоор өөртэй нь хамт зорчиж Лусаил хотын 88966 суудалтай төв цэнгэлдэхэд финалын Аргентин-Франц тоглолтыг үзэх санал тавьсан байна.
Ташрамд хэлэхэд, Погба, Мане нар Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч Катарт очсон ч шигшээ багийн бүрэлдэхүүнд анхнаасаа багтаагүй тул ДАШТ-ий медалиар энгэрээ мялаах боломжгүй, зөвхөн Бенземад медалиар шагнуулах нь нээлттэй.
Сэтгэгдэл (2)