__Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий анхны медальтан тодорлоо. Өмнөх 2018 оны Дэлхийн аваргын мөнгөн медальтХорватын баг энэ ДАШТ-ий сенсаацын эзэн Марокког 2:1-ээр хожиж Хүрэл медаль хүртэв__
Хорватуудын нэгдүгээр үед айлын хаалганд хийсэн хоёр бөмбөг нь ДАШТ-ий гуравдугаар байр, Хүрэл медалийн үнэтэй гоол боллоо. Тоглолтын 7 минутад төвийн хамгаалагч Гвардиол тоглолтын зүүн жигүүрийн хамгаалагч Перишичийн стандарт цохилтоос дамжуулсан бөмбөгийг мөргөж тоог 1:0 болгон тэргүүллийг багтаа авчирсан. Хорватуудын гоолын баярхөөр төдийлэн удаан үргэлжлээгүй. Гурван минутын дараа Мароккогийн тоглогчид тэнцээний хариу гоолыг орууллаа. Стандарт цохилтоос ирсэн бөмбөгийг төвийн хамгаалагч Дари мөргөж гоолдон тоог 1:1 болгосон. Гэсэн ч эх орныхоо нийслэлийн “Динамо Загреб” багт тоглодог хагас хамгаалагч Оршич айлын торгуулийн талбайн зүүн үзүүрээс баруун цохиж Мароккогийн хаалганы торыг хөдөлгөж тооны 2:1-ийн давуу байдлыг үүсгэлээ. Хаалганы алсын булан руу түүний цохьсон бөмбөг нь Испанийн “Севилья” багт тоглодог легионер, Мароккогийн хаалгач Бунуд хаах боломж олгоогүй, шон онож буцаж дотогш ойж гоол болсон. Оршичийн энэ гоол нь ДАШТ-ий шилдэг гоолын жагсаалтын эхний 10-т багтах түвшнийх байлаа. Хоёр баг хоёрдугаар үед харилцан довтолсон ч нэмж гоол ороогүй тоглолт 2:1-ээр Хорватын ялалтаар өндөрлөв.
Хоёр багаас эхний гоол оруулсан хөлбөмбөгчид нь идэр залуу, Европын хөлбөмбөгийн топ лигийн шилдэг клубт тоглодог легионерууд. Дараагийн 2026, 2030 оны ДАШТ-д оролцох ирээдүйтэй хөлбөмбөгчид. Хорватын 20-той Йошко Гвардиол нь Германы хөлбөмбөгийн Бундеслигийн “Лайпциг” клубт, Мароккогийн 23-тай Ашраф Дари нь Францын хөлбөмбөгийн Лиг 1-ийн “Брест” клубт тоглодог.
Хүрэл медалийн төлөөх энэ тоглолтын хамгийн шилдэг нь Мароккогийн багийн баруун жигүүрийн бүх довтолгоог нурааж сайн хамгаалсан, дээр нь эхний гоолын оновчтой дамжуулалт өгсөн Хорватын хамгаалагч Иван Перишич байв. Тэрбээр Европ тивийн АШТ-д 2012, 2016 онд, өмнөх 2014, 2018 оны ДАШТ-д тоглосон. Манай хөлбөмбөг сонирхогчид түүнийг Английн “Тоттенхэм” клубт тоглодгоор нь андахгүй сайн мэднэ. 33 настай Иван Перишич спортын замналынхаа сүүлчийн ДАШТ-ий сүүлчийн тоглолтод талбайд гарсан. Мөн ДАШТ-ий замналаа өндөрлүүлж байгаа өөр нэг тоглогч нь бүхний танил Лука Модрич байлаа.
Хорватын төрийн дээд “Ханхүү Бранимарын одон” шагналт (манай “Чингис хаан” одонтой төстэй) тэрбээр шигшээдээ 2006 оноос 21 наснаасаа 37 хүртлээ 16 жил тоглож,баг нь дөрвөн жилийн өмнө “Россия 2018” ДАШТ-д мөнгөн медаль, энэ удаад “Катар 2022” ДАШТ-д хүрэл медаль хүртэхэд гол түлхүүр тоглогч нь байлаа. Лука Модричийг өнөө цагт Месси, Роналду нарыг нэрлэдэг шиг “хөлбөмбөгийн амьд домог” гэж хэлэхэд арай хэтрүүлсэн тодорхойлолт болно.Харин түүнийг шинэ зууны хөлбөмбөгийн ноён оргилуудын нэг гэхэд хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрнө. Месси, Роналду нар Оны шилдэг хөлбөмбөгчин алдрыг ээлжлэн хүртэж байсан онцгой ид үед дундуур нь орж ирж 2018 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагнал хүртсэн ганцхан хөлбөмбөгчин нь Лука Модрич юм.
Лука Модрич ахлагчтай Хорватын баг “Катар 2022”-оос Хүрэл медаль хүртэж, “Россия 2018” оны мөнгөн медалиа өөр өнгөөр ихэрлүүллээ. Мараккогийн баг IV байр эзэлж ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн, Арабын ертөнцийн анхны баг гэсэн алдрын эзэн боллоо.
“Катар 2022” ДАШТ-ий аваргын Алтан медалийн эзэн өнөөдөр (XII.180) ням гаргийн 23.00 цагаас эхлэх Аргентин-Франц тоглолтоос тодорно.