Колумбын нийслэл Богота хотноо энэ сарын 5-нд эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд М.Анхцэцэг түлхэлттэй хоёр дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж, медалийн болзол хангасан байна. Манай тамирчин огцомоор захиалсан гурван өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон ажээ.
Тэрбээр 2021 оны Ташкентэд болсон ДАШТ-д энэ жиндээ огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэр дүнгээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртэж байв. Манай улсаас Боготад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн эмэгтэй тамирчин хүчээ сорьж буй.
Л.Сайнаа