Нэрт дасгалжуулагч Гусейн Асалиевын нэрэмжит холбоотон улсуудын алс дорнодын чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотын "Олимпиец" спорт цогцолборт болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас спортын мастер Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай "Төгс" дэвжээний зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний алтан медальтнуудыг өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиас гадна аваргын бүсээр шагнажээ. Тав дахь удаагаа зохиогдсон уг тэмцээнд Азербайжан, Армен, Монгол, Узбекистан болон ОХУ-ын Дагестан, Эрхүү, Владивосток, Красноярск, Примор болон алс дорнодын хязгаарын 450 гаруй бөхчүүд өсвөр үеийн бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдсөн байна.
Манай улсаас зургаан тамирчин явснаас алтан медалийг Эрдмийн ундраа цогцолбор, 54 дүгээр сургуулийн сурагч Б.Ариунзул -53 кг-ын жинд, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн сурагч Б.Үүрийнцолмон -55 кг-ын жинд тус тус хүртлээ. Харин мөнгөн медалийг 20 дугаар сургуулийн сурагч Б.Буянжаргал -44 кг-ын жинд, Оюуны ундраа цогцолбор сургуулийн сурагч Т.Эрдэнэцогт -68 кг-ын жинд хүртжээ. Мөн хүрэл медалийг 28 дугаар сургуулийн сурагч Б.Батбилэгт -35 кг-ын жинд хүртсэн бол 51 дүгээр сургуулийн сурагч Ш.Энхтөр шагналт тавдугаар байрт шалгарсан байна.
Л.Сайнаа