Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, “G”, “H”, бүх найман хэсгийн I тойрог өндөрлөлөө. II тойргийн тоглолтууд Арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаргаас 28-ны даваа гарагт болно. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. Манайхаар өнгөрсөн пүрэв гаргийн шөнө болсон “H” хэсгийн I тойргийн тоглолтуудын дүнг танилцуулъя.
Спортын аз дутсан хоёр баг шударгаар оноо хувааж 0:0-ээр тэнцлээ
__“H” хэсэг. Өмнөд Солонгос-Уругвай 0:0.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хэсгийн шатны I тойргийн нийт 16 тоглолтоос гоолгүй 0:0-ээр хуурай тэнцсэн дөрөв дэх нь энэ тоглолт байлаа. “Катар 2022” нь өвөл болж байгаа, багууд тус тэмцээнд бэлтгэх, хөлбөмбөгчид нь хамтдаа цугларалтад гарах цаг хугацаа маш давчуу байсан учраас тоглолтын довтолгооны чанар урьд өмнөх ДАШТ-ээс тааруу байгаа гэдгийг хөлбөмбөгийн шинжээчид хэлж байна. Ихэнх баг Хэсгийн шатны онооны төлөөх тоглолтуудад довтолгоо гэхээсээ хамгаалалтдаа илүү анхаарсан тактик хэрэглэж байгаа нь гоолгүй тэнцэх, хожсон ч ганцхан гоолын зөрүүтэй байсан тохиолдол олонтаа давтагдлаа.
Хоёр баг тэнцэж оноо хуваасан нь талбай дээр тоглогчид нь эн тэнцүү өрсөлдсөний баталгаа, шударга үр дүн гэж хэлж болно. Хэрвээ спортын аз түшсэн бол аль нэг нь хожиж болох байв. Энд Солонгосын үзүүрийн довтлогч Хван И-чо тоглолтын 34 дэх минутад Уругвайн хаалганы өмнө торгуулийн талбайд ганцаараа зогсож байгаад хөндлөвч давуулж цохьсон, Уругвайн хамгаалагч Годин 44 дэх минутад булангийн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг мөргөж Өмнөд Солонгосын хаалганы шон, Уругвайн шинэ залуу од хагас хамгаалагч Вальверде тоглолт дуусахын өмнөхөн 90 дэх минутад торгуулийн талбайн гаднаас цохиж бас шон оносныг онцолж болно.
Эхний тоглолтоос тус бүр нэг оноо халаасалсан Өмнөд Солонгос, Уругвай, түүнчлэн хожлын гурван оноо авсан Португал, хожигдсон Гана, дөрвөн багт бүгдэд нь Хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарах боломж байгаа. Дараагийн хоёр тойргийн хоёр тоглолтод асуудал эцэслэн шийдэгдэнэ.
МЮ багаас гарч ажилгүй болсон Роналдугийн ахалсан Португалын баг Ганыг хожив
__“H” хэсэг. Португал-Гана 3:2. гоол: Роналду 65 мин, торгуулийн цохилт (1:0), Айю 73 мин (1:1), Феликс 78 мин (2:1), Леау 80 мин (3:1), Букари 89 мин (3:2).
Тоглолт эхлүүлэх шүгэл дуугарахаас өмнөх цөөн минутад үзэгчид бүгд Португалын шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн өнөө цагийн амьд хоёр домгийн нэг Роналду руу анхаарлаа хандуулж байлаа. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө Английн “Манчестэр Юнайтед“ багтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, одоогоор харьяалагдах хөлбөмбөгийн баггүй, өөрөөр хэлбэр ажилгүй яваа юм. Тав дахь ДАШТ-д оролцож байгаа Роналду өөрийн Португал улсын Төрийн дуулал эгшиглэхэд сэтгэлээ барьж чадалгүй нулимс мэлмэрүүлэн уйллаа.
Хожил Португалын багт амархан ирсэнгүй. Африкийн төлөөлөл Гана улсын хөлбөмбөгчид тэдэнтэй талбайд эн тэнцүү өрсөлдөж тоглолоо. Хоёрдугаар үе эхэлснээс хойш 20 дахь минутад Ганын хамгаалагч өөрийн торгуулийн талбайд Роналдуг дэгээдэж дүрмийн алдаа гаргасан. Талбайн шүүгч Эльфат торгуулийн цохилтыг Португалын талд зааж Роналду цохилтыг гүйцэтгэж хаалганы дээд буланд бөмбөг “зоосноор” тооны харьцааг 1:0 болголоо. Тэрбээр энэ гоолыг оруулснаар таван ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо. Роналдугаас өөр ийм амжилт гаргасан өөр тоглогч одоогоор байхгүй. Харин дөрвөн ДАШТ-д гоол оруулсан хөлбөмбөгчид гэхэд ердөө дөрөв байгаа. Үүнд, хөлбөмбөгийн хаан Пеле /1958-1970 онд/, Германы довтлогч Зеелэр /1958-1970 онд/, Клозе /2002-2014 онд/, Месси /2006-2022 онд/ нар. Аргентины багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Месси нь өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын хаалганд гоол хийснээр энэ жагсаалтад орж ирсэн.
Роналдугийн 65 дахь минутад оруулсан гоолын дараахнаас Ганын хөлбөмбөгчид тэнцээний гоол хийхээр асар эрчтэй довтолж байлаа. Үр дүн нь тоглолтын 73 дахь минутад гарч баруун жигүүрийн довтлогч Айю айлын хаалганд тэнцээний гоол оруулж тооны харьцааг 1:1 болгосон. Гэсэн ч Португалчууд хариу барьж шуургалан довтолсоор хоёр минутын хугацаанд дараалан хоёр гоол хийж 3:1-ээр тэргүүлж эхэлсэн. Ганачууд тийм ч амархан цагаан тугаа өргөсөнгүй. Сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Букари тоглолтын 89 дэх минутад гоол хийж тоо 2:3 болгосон. Шүүгчийн төгсгөлийн шүгэл үлээхийн өмнөхөн тэдэнд тэнцээний гурав дахь гоол оруулах дэндүү том боломж гарсан. Португалын хаалгач Кошта ард нь Ганын үзүүрийн довтлогч Уильямс ойрхон байгааг анзааралгүй бөмбөгөө сул хаяж түүнд алдсан. Уильямс амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдгийн үлгэрээр бөмбөг өшиглөхдөө бүдэрч алдаж цохин гоол хийж чадаагүй. Португалчуудад тохиосон спортын аз гэж үүнийг хэлэх байх.
Энэ “H” хэсгийн
II тойргийн Өмнөд Солонгос-Гана, Португал-Уругвай тоглолт XI.28-нд,
III тойргийн Өмнөд Солонгос-Португал-Уругвай тоглолт XII.02-нд тус тус болох хуваарьтай.