Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, “G”, “H”, бүх найман хэсгийн I тойрог өндөрлөлөө. II тойргийн тоглолтууд Арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаргаас 28-ны даваа гарагт болно. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. Манайхаар өнгөрсөн пүрэв гаргийн шөнө болсон “G” хэсгийн I тойргийн тоглолтуудын дүнг танилцуулъя.
Бразилын баг Сербийг хожиход гол баатраар нь довтлогч Ришарлисон тодров
__“G” хэсэг. Бразил-Серби 2:0. гоол: Ришарлисон 62 мин (1:0), Ришарлисон 73 мин (1:0).
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хэсгийн шатны I тойргийн хамгийн сонирхолтой үзүүштэй тоглолтуудын нэг нь Бразил-Сербийнх байлаа. Ямар ч болов Бразилын баг Аварга болох гол фаворитуудын нэг. Өмнөд Америкийн хөлбөмбөгчид шуургалсан довтолгоогоор тоглолтыг эхлүүлсэн ч өөрсдөд нь олдсон боломжийг ашиглаж Европын шилдэг баг Сербийн хаалганы торыг хөдөлгөж чадахгүй л байлаа. Сербүүд хаалгач Малинкович Савичийн гайхалтай сайн хаалтын ачаар тоглолтын гуравны хоёрыг дуусталх хугацаанд гоол алдаагүй. Гэвч 62 дахь минутад эхний гоолыг хаалгандаа алдсан. Бразилын багийн шилдэг довтлогч Неймарын эхлүүлсэн довтолгоог зүүн жигүүрийн довтлогч Винисиус хаалга руу маш хүчтэй цохьсон. Хаалгач Малинкович Савич хаалт тавьж өмнөө ойлгоход Английн “Тоттенхэм” клубт тоглодог довтлогч Ришарлисон нэмж цохин гоол болгосон. Үүнээс арваад минутын дараа Винисиусын дамжуулсан бөмбөгийг Ришарлисон зүүн хөлөөрөө тогтоож баруунаараа цохиж маш гоёмсог гоолыг хийж тоог 2:0 болгосон. Энэ гоол нь ДАШТ-ий I тойргийн шилдэг гоолуудын нэгд тооцогдох байх. Бразилчууд нэмж гоол хийх гэж довтолж, Сербүүд эсрэгээрээ дахиж гоол алдахгүй гэж хамгаалсаар тооны харьцаа өөрчлөгдсөнгүй тоглолт 2:0-ээр өндөрлөлөө.
Швейцарын баг Африкийн “арслангуудыг” буулган авлаа
__“G” хэсэг. Швейцар-Камерун 1:0. гоол: Эмболо 48 мин (1:0).
Швейцарчууд тоглолтын эхнээс илүүрхэж, довтолгооны санаачилгыг гартаа авч тоглож байсан ч 10 дахин минутад өөрсдөө хаалгандаа гоол алдах дөхсөн. “Арслангууд” гэсэн дуудлага хоч нэртэй Камерунчуудын хагас хамгаалагч Мбемо зүүн жигүүрээр бөмбөг тууж айлын торгуулийн талбайд орж ирж хаалга руу цохьсон. Аз болоход Сербийн хаалгач Зоммер найдвартай хаалт тавьж гоол алдаагүй. Энэ мөчөөс эхлэн талбай дээрх давамгайлал Камерунчуудын талд шилжиж довтлогч Чупо Мотинг, хамгаалагч Фай нар гоолын боломж дараалан үүсгэсэн. Гэхдээ гоол болгож чадаагүй, нэгдүгээр үе 0:0-ээр өндөрлөж завсарласан. Хоёрдугаар үе эхлээд төд удалгүй Швейцарын баг гоол хийлээ. Урьд өмнө нь ДАШТ-д тоглож явсан хашир туршлагатай Шакири үзүүрийн довтлогч Эмболог айлын торгуулийн талбайд сул байгааг олж хармагц түүнд оновчтой дамжуулалт өгсөн. Эмболо олдсон боломжийг “чулуу болгож” гоол оруулсан нь энэ тоглолтын эхний бөгөөд эцсийн хожлын бөмбөг байв. Италын “Интер” клубт тоглодог Камеруны хаалгач Онана хаалгандаа дахиж гоол алдсангүй эцсийн шүгэл дуугарах хүртэл сайн тоглолоо.
Энэ “G” хэсгийн
II тойргийн Камерун-Серби, Бразил-Швейцар тоглолт XI.28-нд,
III тойргийн Камерун-Бразил, Серби-Швейцар тоглолт XII.02-нд тус тус болох хуваарьтай.
Б.Ерэнтэй