Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, зургаан хэсгийн I тойрог өнгөрсөн хугацаанд өндөрлөлөө. Багууд Хэсгийн шатанд гурван тойрог тоглоно. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). Лхагва гаргийн орой болсон “F” хэсгийн тоглолтуудын дүнг танилцуулъя.
Хөгжөөн дэмжигчдийн найдвар хүлээлгэсэн Бельгийн баг Канадыг ердөө 1:0-ээр хожив
__“F” хэсэг. Бельги-Канад 1:0. гоол: Батшуайи 44 мин (1:0). Канадын Дэвис 11 минутад торгуулийн цохилт алдсан.
Аварга болдоггүй юм гэхэд шөвгийн 4-т торохгүй шалгарна гэсэн тааварт яваа Бельгийн багийн тоглолт хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалав. Хэрвээ дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогддог хаалгач Куртуа нь 11 дэх минутад Канадын тоглогч Дэвисийн гүйцэтгэсэн торгуулийн цохилтыг хааж гоол алдахаас хамгаалаагүй бол тоглолтын үр дүн муугаар эргэх байсан. Канадын тоглогчид нэгдүгээр үед бөмбөггүй гүйлт ихээр хийж, гоол хийх боломжит хувилбарыг хайж маш идэвхтэй тоглолоо. Туршлагатай хөлбөмбөгчдөөс бүрдсэн Бельгийн баг Канадын эрчтэй тоглолтын хурдыг зориуд сааруулж бөмбөг барьж тоглож байгаад завсарлагын өмнөхөн 44 дэх минутад тэдний хаалганд гоол оруулж 1:0 болгон тэргүүллийг авсан. Хамгаалагч Альдервейралдын гүнээс урагш цөлж дамжуулсан бөмбөгийг довтлогч Батшуайи хүлээж авангуут Канадын хамгаалагчдын дундуур сугарч зугтааж гараад улмаар хаалгач Борянийг хуурч цохин гоол оруулсан.
Хоёрдугаар үеийн 45 минутыг Бельгичүүд хаалгандаа гоол алдахгүй, 1:0-ийн үр дүнгээ хадгалах тактикаар тоглож өнгөрөөлөө. Канадын дасгалжуулагч Хердман хоёрдугаар үеийн дундуур сэлгээ хийж Ларин, Коне гэсэн хоёр хагас хамгаалагчийг талбайд гаргаж довтолгоог амжилттай болгох оролдлого хийсэн ч Бельгийн хамгаалалтын шугамыг нэвтэлж чадсангүй. Гоолын ганц хоёр боломж гаргахад хаалгач Куртуа аюулгүй болгож хаалт хийж бөмбөгийг барьж авч байлаа.
Бельгийн баг хожлын 3 оноо авлаа. Гэхдээ хойшид ийм түвшинд тоглолтоо үргэлжлүүлбэл шөвгийн 4-т шалгарна гэж хэлэхэд эрт байна гэж хөлбөмбөгийн шинжээчид дүгнэжээ.
Дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын баг Мароккотай тэнцэж 1 оноо авлаа
__“F” хэсэг. Марокко-Хорват 0:0.
Дөрвөн жилийн өмнө “Россия 2018” ДАШТ-ий нээлт болж финалд тоглож хожигдон мөнгөн медаль хүртэж байсан Хорватын баг энэ удаагийн тэмцээнийг оноо алдаж учраатайгаа 0:0-ээр тэнцэж эхлүүллээ. Хөлбөмбөгийн шинжээчид, хоёр баг тэнцсэнийг шударга үр дүн гэж дүгнэж байна. Африкийн төлөөлөл Мароккогийн баг Европын шилдгүүдийн нэг Хорватаас огт дутахгүй, тоглогчид нь форм сайтай байгааг харуулж эн тэнцүү тоглолт хийлээ.
Мароккогийн хаалгач Буну завсарлагын өмнөхөн Хорватын хагас хамгаалагч Влашичийн хаалгачийн талбайн гаднаас сум шиг цохьсон бөмбөгийг хааж ур чадвараа харуулсан. Түүнчлэн хоёрдугаар үед Хорватын хаалгач Ливакович эсрэг багийн хамгаалагч Мазрауигийн ойрын зайнаас цохьсон, хамгаалагч Хакимийн хөдөлгөөнгүй бөмбөгийн байрлалаас цохьсон, дараалсан хоёр довтолгооны бөмбөгийг хааж Бунугаас дутахгүй ур чадвартай хаалгач болохоо харуулсан.
Дэлхийн дэд аварга Хорватын баг ДАШТ-ий оролцогч 32 багийн шилдгүүдийн нэг гэдгээ эхний тоглолтод ийнхүү баталж чадсангүй. Дараагийн тойрогт Канадын багтай тоглохдоо нэр төрөө сэргээх оролдлого хийж таарна. Мароккогийн баг Бельгийг хожиж сенсаац тарьж мэдэхээр сайн байна.
Энэ “F” хэсгийн
II тойргийн Бельги-Марокко, Хорват-Канад тоглолт XI.27-нд,
III тойргийн Хорват-Бельги, Канад-Марокко тоглолт XII.01-нд тус тус болох хуваарьтай.
А.Сүх