Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, зургаан хэсгийн I тойрог өнгөрсөн хугацаанд өндөрлөлөө. Үлдсэн хоёр “G”, “H” хэсгийн тоглолтууд XI.24-ны орой болно. Тэмцээний дүрмээр найман хэсэг тус бүрийн дөрвөн баг хоорондоо нэг удаа таарч гурван тойрог тоглож дүнгээ гаргана. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). Арваннэгдүгээр сарын 23-ны орой болсон “E” хэсгийн тоглолтуудын дүнг танилцуулъя.
Японы баг Дэлхийн 4 удаагийн аварга Германыг хожиж сенсаац дэгдээлээ
__“E” хэсэг. Япон-Герман 1:2. гоол: Гюндоган 33 мин, торгуулийн цохилт (1:0), Доан 75 мин (1:1), Асано 83 мин (1:2).
Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Аваргын цомыг дөрвөн удаа өргөж байсан Герман нь “Катар 2022” тэмцээнд түрүүлэх тааварт нэрлэгдэж байгаа багуудын нэг. Гэтэл Азийн хөлбөмбөгийн өнөө цагийн нэрийн хуудас болсон Японы баг тэднийг хожиж ДАШТ-ий хоёр дахь сенсаац дэгдээлээ. Эхний сенсаац нь мөн л түрүүлэх тааварт яваа Аргентиныг Саудын Араб 2:1-ээр хожсон явдал байсан.
Германы багийн шилдэг хагас хамгаалагч Гюндоган торгуулийн цохилтоос 33 дахь минутад гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Тэрбээр гоолын баяр хийж гүйж харайгаагүй. Учир шалтгаан нь 1:0 бол тоглолтыг хожлоор дуусгах хангалттай төгс үр дүн биш гэдгийг Гюндоган, түүний багийн тоглогчид бүгд мэдэж байсан хэрэг. Энэ болгоомжлолын хамгийн гол шалтгаан нь талбай дээр Япончууд тэдэнтэй эн тэнцүү, зарим үед илүүрхэж тоглож байсантай холбоотой. Германчууд хожлоо баталгаажуулж гоолын зөрүүг холтгож хоёр дахь гоол хийхийг олонтаа оролдсон боловч санаснаар бүтсэнгүй. Японы дасгалжуулагч, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Хазимэ Мориясу нэгдүгээр үед Германы хөлбөмбөгчдийн тоглолтын хэмнэлийг эвдэж тэднийг ядраах “хар ажил” хийх үүрэг даалгавраа амжилттай биелүүлж цуцаж ядарсан таван тоглогчийг хоёрдугаар үед 46, 57, 58, 71, 75 дахь минутад сэлгээнд суулгаж эрч хүчтэй шинэ тоглогчдыг талбайд оруулж ирсэн. Энэ сэлгээний тактик зөв байсныг төд удалгүй харуулж Япончууд тоглолтын 75 минутад тэнцээний, 83 минутад хожлын гоол оруулж Германыг 2:1-ээр буулган авлаа. Хожлын гоол хийсэн Асано нь талбайд 58 дахь минутад орж ирсэн тоглогч юм.
Хожиж гурван оноо авсан Японы баг дараагийн тойрогт Коста-Рикаг хожиж чадвал Хэсгээсээ шалгарах гэрэлт “ирээдүй”-тэй байгаа бол хожигдсон Германыг Испанитай “орших, эс орших”-оо үзэх хүнд тоглолт хүлээж байна.
Испанийн баг гоол яаж оруулдгийг үзүүлж Коста Рикаг бут ниргэлээ
__“E” хэсэг. Испани-Коста Рика 7:0. гоол: Ольмо 11 мин (1:0), Асенсио 21 мин (2:0), Торрес 31 мин, торгуулийн цохилт (3:0), Торрес 54 мин (4:0), Гави 74 мин (5:0), Солер 90 мин (6:0), Мората 90+2 мин (7:0).
Хөлбөмбөгийн мэргэжилтэн, шинжээчид Испанийг Аварга болно гэж таамаг дэвшүүлж буй нь үнэн байх магадлалтайг батлан харуулсан тоглолт боллоо. Коста-Рикад өөрсдийг нь хожиж сенсаац дэгдээх боломжийг огт өгсөнгүй. Тус багийн хаалгыг нэгдүгээр үед гурав, хоёрдугаар үед дөрөв, нийт долоон гоолоор мялаав. Испаничууд тоглолтын эхнээс л Коста-Рикагийн хаалгач Навасыг сандаргасан шуургалсан довтолгоо хийж 11 дэх минутад эхний гоолоо оруулсан. Энэ тоглолтын шилдгээр шалгарсан хагас хамгаалагч Гавигийн дамжуулсан бөмбөгийг дундын шугамын тоглогч Ольмо гоол болгосон. Испанийн алдарт “Барселона” клубын хөлбөмбөгчин, 18 настай Гави талбайн дундын шугамд эзэрхэж тоглон, багийнхаа оруулсан долоон гоолын гуравт нь оролцсон. Тэрбээр өөрөө 74 дэх минутад гоол хийж, 11 минутад орсон эхний гоолоос гадна 54 минутад хагас хамгаалагч Торрест гоолын дамжуулалт өгсөн. Сонирхолтой нь, Испанийн долоон гоолын нэгээс бусдыг хагас хамгаалагч нар хийлээ. Тоглолтын 57 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирж 90 дэх минутад тооны харьцааг 7:0 болгосон Мората л гоолдсон ганц довтлогч нь байлаа. Гараа сайн бол бариа сайн гэсэн үг бий. Испани Хэсэгтээ тэргүүлж шөвгийн 16-д нэгдүгээр байраас шалгарахад энэ хожлын 3 оноо хэрэг болох нь мэдээж.
Энэ “E” хэсгийн
II тойргийн Япон-Коста Рика, Испани-Герман тоглолт XI.27-нд,
III тойргийн Япон-Испани, Коста Рика-Испани тоглолт XII.01-нд тус тус болох хуваарьтай.
Б.Ерэнтэй