Катарт болж ДАШТ-ий өчигдөр болсон тоглолтуудаас онцлох үйл явдлуудыг хүргэж байна. Энэ өдөр ч ялгаагүй дуулиан тарьсан тоглолтууд өрнөж, хачирхалтай үйл явдлаар дүүрэн байлаа.
Нэг. Испанийн тасархай хожил
Өчигдөр болсон Е хэсгийн тоглолтод алдарт Испанийн шигшээ баг Коста Рика улсын шигшээ багийг 7:0-ээр буулган авлаа. Тоглолтын эхний хагаст гурав, сүүлийн хагаст дөрвөн гоолыг оруулсан тус багийн хамгаалалт, довтолгоо гээд л бүх зүйл нь төгс байсан гэхэд болно. Эхний хагаст Испанийн шигшээ багаас Дани Олмо, Марко Асенсио, Ферран Торрес нар гоол оруулсан юм.
Хоёр. Бас нэгэн дуулиан
Азийн шилдэг багуудын нэг Японы шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Германы шигшээ багийг 2:1 харьцаатай буулган авч эхний ялалтаа авлаа. Тоглолтын эхний хагаст Германы баг тэргүүллийг аваад байсан ч сүүлийн хагаст Японы баг довтолгоогоо удаа дараа амжилттай болгосон юм. Тоглолтын гоолыг Японы багаас Рицу Доан, Такума Осона, Германы багаас Илка Гөндоган нар тус тус оруулсан.
Гурав. Цэвэрлэгээ
Японы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид сайн дураараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэсээр л байна. Тэдний баг тоглоогүй үед ч мөн адил. Энэхүү соёл нь дэлхийн олон нийтэд зөв үлгэр дуурайлал болж буй тухай олон улсын хэвлэлүүд ярьж байна.
Дөрөв. Баярлалаа дарга аа!
Японы багийн нэгэн хөгжөөн дэмжигч "хоёр долоо хоногийн чөлөө өгсөнд баярлалаа, дарга аа" гэх лоозон барьсан нь сонирхол татав.
Тав. Бие халаалт
Хэсгийн тоглолтдоо оноолт таарсан Канад болон Бельгийн шигшээ багуудын тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтод Бельгичүүд 1:0 харьцаатай хожил байгууллаа. Хожлын гоолыг эхний хагаст Миши Батшуайи оруулав.
Зургаа. ДАШТ-ий хоёр дахь хаалт
Өчигдрийн тоглолтод Бельгийн багийн хаалгач Тибо Куртуа ДАШТ-ий хоёр дахь торгуулийн цохилт хаасан хаалгачаар тодров. Түүний хувьд сүүлийн 10 торгуулийн цохилтын зургааг нь хаасан амжилтыг үзүүлжээ.
Л.Сайнаа