Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий өчигдрийн тоглолтуудаас тоймлон онцлох зургаан үйл явдлыг хүргэж байна.
НЭГ. САУДЫН АРАБ АРГЕНТИНЫ ШИГШЭЭ БАГИЙГ ХОЖЛОО
Тэмцээний С хэсгийн тоглолтууд өрнөж, Алдарт Аргентины шигшээ баг Саудын Арабын шигшээ багт 2:1 харьцаатай ялагдлаа. Энэ удаагийн ДАШТ Аргентины шигшээ багийн домогт тоглогч, өдгөө 35 настай Леонел Мессигийн хувьд сүүлийнх болж буй. Түүнчлэн тэрбээр "энэ удаагийн дэлхийн аварга гайхамшгийг бүтээх хамгийн сүүлийн боломж" хэмээсэн билээ.
Тоглолтын эхний хагас 1:0 харьцаатай Аргентинчуудын давамгайллаар өндөрлөөд байв. Харин тоглолтын сүүлийн хагаст Саудын Арабчууд 36 тоглолт дараалан хожигдоогүй байсан Аргентины шигшээгийн хаалганд хоёр гоолыг хийж ялалтыг авсан юм.
ХОЁР. ЛЕОНЕЛ МЕССИ ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ
Лионель Месси дөрвөн ДАШТ-д дараалан гоол оруулсан түүхэн дэх тавь дахь тоглогч боллоо. Түүний өмнө Бразил тоглогч Пеле, Герман тоглогч Уве Зийлер, Португал тоглогч Кристиано Роналду, Герман тоглогч Мирослав Клозе нар бичигддэг.
ГУРАВ. САУДЫН АРАБЫН ГООЛЫН БАЯР
Саудын Арабын хаан Салман шигшээ баг нь Аргентиныг хожсон баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тушаал гаргаж энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Тус баг түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг Аргентины шигшээ багийг буулган авсан юм.
ДӨРӨВ. КРИСТИАНУО РОНАЛДУ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫГ ОРХИВ
Португалын шигшээ багийн итгэл найдвар, Английн Манчестер Юнайтед багийн тоглогч, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиануо Роналду Манчестер Юнайтед багаа орхих болсноо албан ёсоор зарлав. Тэдний хооронд хагас сарын хугацаанд эргэлзээ төрүүлээд байсан асуудал ийнхүү дуусгавар боллоо. Түүний дараагийн алхам хаа хүрэхийг үл мэднэ.
ТАВ. ГЛЭЙЗЕРИЙХЭН МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫГ ЗАРАХААР БОЛЛОО
Глейзерийн гэр бүл клубээ зарахаар болсон тухай мэдээлэл тарав. Улмаар Манчестер Юнайтед баг худалдаанд гарч байгаа бөгөөд санхүүгийн шинжээч Киран Магуайрын мэдээлснээр тус багийн хувьцааны үнэ даруй 17 хувиар өсч, клубийн зах зээлийн үнэлгээ бараг 336.4 сая фунт стерлинг буюу 400 сая доллароор нэмэгджээ.
ЗУРГАА. ЖИРУ ФРАНЦЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧ БОЛЛОО
Өдгөө 36 настай Сери А лигийн АС Милан клубийн тоглогч, Францын шигшээ багийн довтлогч Оливье Жиру өчигдрийн тоглолтод Австралын шигшээ багийн эсрэг хоёр гоол оруулж, багаа хожилд хөтлөв. Улмаар тэр Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг алдарт Тьерри Анригийн хамтаар тэргүүлж эхэллээ. Жиругийн хувьд энэ ДАШТ хамгийн сүүлийнх нь болж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)