Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 20-ны орой, манайхаар 21-ний 00.00 цагаас эхэлсэн. Спортын, тэр тусмаа хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид аварга болох багийг урьдчилан Франц, Бразил, Герман, Аргентин гэх мэтээр нэр цохож өөр өөрсдийн таамаг дэвшүүлж сууна. Ташрамд хэлэхэд, Аварга тодорч Цом өргөх финалын тоглолт хорь гаруй хоногийн дараа ирэх 12 дугаар сарын 18-нд болно.
Одоогоор дээр нэр дурдагдсан шилдгүүд ч, бусад дундаж түвшний багууд ч ялгалгүй юун аваргын финал бодох манатай, бүгдээрээ хэсгийн гурван тойргийн тоглолтдоо яаж амжилт гаргаж хасагдах шатны шөвгийн 16-д шалгарах вэ гэдэгтээ толгой гашилгаж сууна. Хасагдах шатанд шалгарлаа гэхэд хэсгээсээ нэгдүгээр байраас уу, эсвэл хоёрдугаар байраар уу гэдэг бас маш чухал. Хэсэгтээ нэгдүгээр байр эзэлбэл өөр хэсгийн хоёрдугаар байрын харьцангуй “сул” багтай, хоёрдугаар байр эзэлбэл нэгдүгээр байрын супер багтай шөвгийн 16-д оноолт таарах учраас дараа нь цаашаа шөвгийн 8-д шалгарах эсэхэд нөлөөлөх оноолтын хүчин зүйл болж хувирна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу).
Хөлбөмбөгийн тоймч, судлаачид Хэсгийн шатны I тойргийг ДАШТ-д оролцогч багуудын бүрэлдэхүүний чансаа, тоглогчдын бэлтгэл хэр байгааг таньж мэдэж болох “өнгө шинжсэн” тойрог гэж үздэг. “А” хэсгийн хоёр тоглолт болж I тойрог өндөрлөлөө.
Катарын багт “12 дахь тоглогч” гэгддэг үзэгчид ч тус болсонгүй Эквадорт хожигдов
__А хэсэг. Катар-Экватор 0:2. гоол: Э.Валенсиа 16 мин /торгуулийн цохилт/, Э.Валенсиа 31 мин__ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уламжлал ёсоор зохион байгуулагч Катарын баг нээлтийн тоглолтод талбайд гарлаа. Цэнгэлдэхэд өөрсдийг нь дэмжихээр ирсэн “12 дахь тоглогч” гэгддэг үзэгчдийнхээ өмнө Өмнөд Америкийн Эквадорын шигшээд 0:2-оор хожигдлоо. Катарчууд өрсөлдөгчдөөсөө тоглолтын чадвараар хол дутуу, дээр нь өөрсдөдөө итгэлгүй байсан нь хожигдлын шалтгаан байлаа. Эквадорчууд тоглолтын санаачилгыг гартаа авч довтолж тоглосны үр дүнд шилдэг хөлбөмбөгчин Валенсиа нь торгуулийн цохилт хийх эрх авч, улмаар өөрөө гүйцэтгэж тооны харьцааг 0:1 болгосон. Тэрбээр удалгүй 15 минутын дараа дахин гоолдож 0:2 болгон багийнхаа ялалтыг тоглолтын нэгдүгээр үед баталгаажуулсан. Тоглолтын төгсгөлийн цөөн минутад Катарчууд бага зэрэг сэргэж, довтолгоо зохион байгуулахыг оролдсон нь тэдний сайных бус, гагцхүү Эквадорчууд нэгэнт үр дүн тодорхой гэдэг шалтгаар хүчээ гамнаж залхуу тоглолт хийж талбайд сул орон зай гаргасантай холбоотой.
Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор дайчин тоглож Эквадорыг хожно, хожиж бүтэн 3 оноо авбал хэсгээсээ 16-д шалгарах боломж нээгдэнэ гэсэн зарим шинжээчдийн өөдрөг итгэл ингэж талаар боллоо. Харин ч бүр эсрэгээрээ Катарчуудын хувьд дараагийн хоёр тойрогт Европын супер баг Нидерланд, Африк тивийн шинэ аварга Сенегалтай тоглохдоо аль нэгэнтэй нь тэнцэж “нэр төрийн” ганц оноо авах, бүр болохгүй бол “нэр төрийн” ганц ч болов гоол оруулах мөрөөдөл гэмээр зорилгын өмнө тулж дэндүү доошоо орлоо. Хэсгээсээ шалгарах тухай яриа огт байхгүй гэдэг нь эхний энэ тоглолтоор тодорхой боллоо.
Харин хожлын бүтэн 3 оноо авч, хаалгаа хуурай манасан Эквадорын багт үлдсэн хоёр тойрогт Нидерланд, Сенегалтай учраа таарахдаа хэр зэрэг тоглохоос хамаарч хэсгээсээ шалгарах эсэх нь шийдэгдэнэ. Шалгарах хувь заяа нь бусдын бус өөрсдөөс шалтгаалах болсон нь тэдний хувьд маш сайн тал юм.
Хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарах тааварт яваа Нидерланд ДАШТ-ийг ялалтаар эхлүүллээ.
__А хэсэг. Сенегал-Нидерланд 0:2. гоол: Гакло 84 мин, Классен 90+9 мин__ Хэсгийн нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарахын төлөөх гол хоёр өрсөлдөгчийн тулаан гэж нэрлэж болно. Африк тивийн шинэ аварга Сенегалын түлхүүр тоглогч, тивийн шилдэг хөлбөмбөгчин довтлогч Мане нь шөрмөсний гэмтлийн улмаас тэмцээнд оролцохгүй болж гэртээ үлдсэн нь сенегалчуудын хувьд асар их “гарз хохирол” болсон. Гэсэн хэдий ч тэд Европын супер баг Нидерландтай эн тэнцүү, тоглолтын нэгдүгээр үеийн эхээр хэсэг хугацаанд бүр илүүрхэж байлаа. Хоёрдугаар хагаст Нидерландын тоглогчид тэднээс бөмбөг илүү эзэмшиж, тоглолтын санаачилгыг авч байсан ч Сенегалчуудын сөрөг довтолгоо удаа дараа гоол оруулах боломжийг үүсгэсэн. Тоглолт 0:0-ээр тэнцэх шинжтэй, оноо хуваах нь ч шударга үр дүн байж мэдэх байдал 84 минут үргэлжилсэн. Гэтэл одоо цагт Европын шилдэг хаалгачдын нэгд тооцогдож байгаа Сенегалын шигшээ багийн хаалгач Менди, өөрт нь баймааргүй алдаа гаргасныг Нидерландын талаас Де Йонг, Гакло нар ашиглаж гоол болгосноор тоглолтын харьцаа 84 дэх минутад 0:1 болж өөрчлөгдсөн. Сенегалчууд хариу гоол оруулахаар бүгдээрээ довтолгоонд шилжиж хэд хэдэн боломж гаргасан ч айлын хаалганд бөмбөг оруулж чадахгүй байсаар, шүүгчийн нэмэлт цаг дуусч байхад хаалгандаа дахин гоол алдаж 0:2-оор хожигдол хүлээсэн. Энэ хэсгээс Нидерландууд нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарах нь бараг 99 хувийн магадлалтай боллоо. Харин Сенегалын баг Эквадортой хоёрдугаар байрын төлөө өрсөлдөх нь нээлттэй үлдлээ. Шийдвэрлэх Эквадор-Сенегалын тоглолт 11 дүгээр сарын 29-нд хэсгийн төгсгөлийн III тойрогт болох хуваарьтай.
Б.Ерэнтэй